-Эдийн засаг хүндхэн байна. Энэ хүндрэл ужигарсаар буйн шалтгаан юунд байна вэ?
-Эдийн засагчид улс төрчид янз бүрээр тайлбарлаж, нийтлэг нэг тайлбар нь бодлогын шинжтэй гэлцэж байна. Тэд бүх зүйлийн хариултад нэг л зүйлийг ярьж байна. Жишээлбэл, Урт нэртэй хуулиас боллоо, түүнээс болж гадаадын хөрөнгө оруулалт зогслоо, мөн популизмаас боллоо гэх мэт. Би үүнтэй санал нийлэхгүй. Тодорхой түвшинд гадаадын хөрөнгө оруулалт татарсан асуудал байгаа. Гэхдээ энэ бол эдийн загийн хямралын гол шалтгаан болохгүй. Ер нь гадаадын хөрөнгө татарахад эдийн засаг хямрах ёстой гэж, яагаад гадаадын хөрөнгөөс хамаарч бид хямралд өртөх ёстой гэж. Угтаа бол гадаадын зүйл л бол гадных юм шүү дээ. Тэрнээс биш эдийн засгаас гадаадын хөрөнгөө татчихаар хямрал үүснэ гэж юу байхав. Харин ийм эдийн засгийн бүтэцтэй байгаа нь хэний буруу гэдгээс эдийн засгийн хямрлын учиг эхлэх байх. Тэгээд ч энэ гадаадын хөрөнгө оруулагчдыг хямралын буруутан болгож байгаа нь иргэдийг төрүүлж байна. Гадаадын хөрөнгө гэдгийг ерөөсөө сар болгон орж ирдэг мөнгөтэй адилтгаж ойлгоод тэгээд тэр нь хэдэн сар орж ирэхгүй болохоор эдийн засаг хямарлаа гэж тайлбарлаад байна. Энэ хөрөнгө орж ирэх давтамж байна, заримдаа тэг заах нь бий. Тэгэхээр энэнээс хамааралтай эдийн засгийн нөхцлийг бий болгож тайлбарлаад байгаад учир буй болохоос биш бодит байдал дээр гадаадын хөрөнгө оруулалт болон урт нэртэй хуулиас болсон хямрал биш гэж үзэж байна. Гол шалтгаан нь монголын эдийн засгийн суурь тогтолцооны гажуудал бодлогын төөрөгдлөөс үүдсэн. Ялангуяа манай улсын эдийн засгийн судас болдог Мөнгөний бодлогын алдаанаас шалтгаалсан. Учир нь сүүлийн 2.5 жилд энэ бодлого ихээхэн алдаатай байсан төдийгүй манай эдийн засгийн 15-20 хувьтай тэнцэх их хэмжээний мөнгө болох 3.4-4 их наяд төгрөгийг тухайн үеийн нөхцөл байдалтай уялдуулж үзээгүй оруулчихсан нь хямралын гол шалтгаан болсон. Үүнээс улбаалж өнөөдрийн байдлаар төгрөгийн ханш 45 орчим хувиар уначихсан, инфляц 35-40 хувиар өссөн үзүүлэлтээс илхэн харагдаж байна.
-Тэгэхээр ямар гарц байгаа юм. Өнөөгийн энэ нөхцөлд төсөв мөнгөний бодлогын уялдаа гэж байна уу?
-Ер нь бол манай улсын эдийн засгийн ерөнхий бодлогыг буруу тийшээ явж байна гэж харж байна. Сүүлийн 2.5 жилийн дотор явуулсан бодлого тухайн үед өсч байсныг бид мэднэ. 10, 12 хувь гэхчилэн хоёр орон тоогоор өсч байсан. Энэ бол өндөр үзүүлэлт. Уг нь бол стандартаар бол жирийн өсөлт 2-5 хувийн өсөлттэй байдаг. Гэтэл манайх үндсэн үзүүлэлтээс 2,3 дахин хурдан өсч байгаа нь хэвийн биш мэт харагдаж байгаа юм. Тэгэхээр ийм халалт тэлэлт явагдсан бодит байдлаасаа хэтэрсэн эдийн засгийг бодлогын хувьд танаж, хумьсан бодлого явуулдаг сонгодог аргыг ашиглах шаардлагатай байсан. Гэтэл манай улс эсрэгээрээ мөнгө их хэмжээгээр нь хэвлэж оруулаад эдийн засгийг улам хөөсрүүлсэн. Тэгэх ёсгүй эсрэг бодлого явуулах ёстой байсан. Харин эдийн засгийг уналтад оруулсан хумигдах үед дээрх алхамыг хийх ёстой атал өнөө үед Төвбанк бодлогын хүүгээ чангатгаж, Арилжааны банкууд зээлийн хэмжээгээ багасгах боллоо. Энэ байдал удаан үргэлжилбэл манай улсын эдийн засагт цаашдаа эерэг үзүүлэлт харагдахгүй байна.
-Гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан нь уул уурхайн түүхий эдийн үнэ унаснаас эдийн засаг хүндхэн байна гэх хүмүүс байна. Та үүнийг юу гэж бодож байна?
-Түүхий эдийн уналтаас шалтгаалж гадаадын шууд хөрөнгө оруулалт буурсан гэдэгтээ 100 хувь санал нийлэхгүй байна. Мэдээж түүхий эдийн үнэ өндөр байх үед гадаадын компаниудын бизнес хийх эрмэлзлэл өндөр байдаг. Гэхдээ энэ байдал онцын нөлөөлөхгүй шүү дээ. Учир нь гадаадын хөрөнгө оруулагчид түүхий эдийн үнэ үргэлж хэлбэлзэж байдгийг мэддэг болохоор хөрөнгө оруулагчид түүхий эдийн үнэ өндөр ч бай нам ч бай алсыг харсан ашигаа мэдэж байгаа үед урт хугацааны хөрөнгө оруулалт хийдэг. Үүнийг манай эдийн засагчид хямралын шалтгаан гэж тайлбарлаад байгаа юм. Харин би үүнтэй санал нийлэхгүй байна. Хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулаад л явна. Харин манай улсын хувьд гадаадын хөрөнгө оруулалт буурсан нь эдийн засгийн тогтворгүй байдал юм. Хэдий чинээ төрийн бодлого чанга тогтвортой хэлбэлзэлгүй бөгөөд байгаль орчноо хамгаалсан улс орныхоо эрх ашгийг бодсон байвал хөрөнгө оруулагчид урт хугацаагаа бодоод ороод л ирнэ. Тэрнээс биш урт нэртэй хууль байх ёстой. Байх ёстой болоод гарч ирсэн, харин энэ хуульд өөрчлөлт оруулж хэрэгжүүлэхгүй байгаа нь тогтворгүй байдлыг бий болгож, гадаадын хөрөнгө оруулагчдад муу зуршлыг бий болгоод байгаад учир байна. Бидний тогтворгүй байдлыг гадаадын хөрөнгө оруулагчид ашиглаж, “өө эдний хуулинд дарамт үзүүлээд өөрчлөлт оруулж болдог юм байна, тийм учраас хүлээж байя, цаашаа нам унтал нь дарамт учруулж 100 хувийн хөрөнгө оруулалт хийе” гэж бодох нөхцлийг бид дотоод нөхцөл байдлаараа гаднынханд үзүүлээд байгаа юм.
-Тэгвэл ер нь уул уурхайгаас хамааралтай эдийн засгийг таныхаар яаж төрөлжүүлэх ёстой вэ?
-Уул уурхайгаас хамааралтай эдийн засаг сайжрах үндэслэл тун бага. Ерөн хувь нь уул уурхайд түшиглэсэн эдийн засаг хямралд орж, баялагийн хараалд өртөж хөгждөггүйн жишээнээс дурдвал Гана, Зимбаб, Замбиа, Латин орнуудын хөгжил бүгд “сааралтсан”. Гэхдээ уул уурхайд түшиглэсэн улс орнууд тодорхой хэмжээнд бий. Гэвч тэдний улс төрийн бодлого, эдийн засгийн бодлого шал өөр юм. Манайд хэрэгжүүлж байгаа улс төрийн болоод эдийн засгийн институтын бодлого бол үндсэндээ Африкийн замаар явж байна, яг хуулчихсан. Энэ бодлогоо жаахан өөрчлөөд улс орныхоо эрх ашигт нийцсэн монголын онцлогт тусгасан бодлого явуулж хөгжих боломж бий. Уул уурхайгаас хамааралтай хөгжсөн орнуудын хамгийн том төлөөлөл бол Норвеги, Чили, Малайз улс юм. Эдгээр орнуудын хувьд эдийн засаг, улс төрийн тогтолцоо юугаараа өөр байна вэ гэхээр нэгт, гадаад худалдаанд чөлөөт зах зээлийн бодлогыг баримталдаггүй. Өөрийн орны онцлогыг тусгасан дотоод зах зээлээ хамгаалсан татварыг гадаад худалдаанд баримталдаг. Хоёрт, санхүүгийн зах зээлээ хяналтандаа авдаг. Тодруулбал, гадаадын хөрөнгө оруулалтыг тодорхой шүүлтүүр, зарчим, журмаар оруулж, уул уурхайд хөрөнгө оруулалт хийлгэдэг. Гуравт, хамгийн чухал бодлого болох уул уурхайн стратегийн ач холногдол бүхий ордууд бүгд төрийн мэдэлд байдаг. дөрөвт уул уурхайн ашиглалт хийх компаниуд мөн төрийн өмчиих байдаг бодлого нь хөгжлийн тулгуур болсон. Жишээлбэл, Норвегийн эдийн засгийн гол тулгуур хүч болдог газрын тосны үйлдвэрийн 60 орчим хувийг төр нь эзэгнэдэг “State oil” компани юм. Нэг давуу тал нь ард иргэд нь бүгд хувьцаа эзэмшиж, уул уурхай газрын тосноос олсон орлогыг хуучин баялагийн фонд байсан тэтгэвэрийн санд жилд 980 орчим тэрбум ам.доллар ордог жишээний. За тэгээд энэ мөнгийг таван сая иргэнд нь хувааж үндсэн хөрөнгийг харьцуулбал бүгд л саятан байх жишээтэй. Энэмэтчилэн бодлого баримталбал л уурхайд түшиглэсэн эдийн засгаа хөгжүүлсэн түүх Чили улсын Коделко гэдэг төрийн өмчийн зэсийн компани төсөвтэй хамгийн их татварыг төлдөг гэдэгчилэн дурдвал олон тохиодол бий. Тэгэхээр энэ улсын жишгээс харахад уул уурхайн орд газрууд төрийн өмч байгааг анхаарах хэрэгтэй.
-Эдийн засгийн хямралд иргэдийн орлого, зарлагыг харилцаа хэр нөлөөлж байна вэ?
-Орлого ер нь харьцангуй багасчихлаа. Жишээ нь тогтмол цалинтай хүмүүс цалингаараа амьдарч болоод байх шиг байна. Харин хувиараа хөдөлмөрлөж, жижиг бизнес хийж зах, худалдааны төвүүд дээр ажиллаж, төрд ямарч дарамт учруулалгүй амьдарч буй хүмүүсийн орлого 25-50 хувь багасч, зардал эрс өсч байгаа нь амжиргаагаа залгуулж буй тэдэнд их дарамт болж байна л даа. Бараа таваарын үнэ, өргөн хэрэглээний барааны огцом өсөлт нэмэгдэж буй нь инфляциар харагдаж байна. Тэгэхээр энэнээс харахад эдийн засаг үнэхээр хямралтай байгаа нь харагдаж байна.
-Банк санхүүгийн салбар эрсдэл дагуулж байна гэх юм. Олон улсын байгууллагууд зээлжих зэрэглэлийн удаа дараалан бууруулах болсон нь хямралд нөлөөлсөн гэх хүмүүс байна?
-Банк санхүүгийн зээлжих зэрэглэл гэхээсээ илүүтэй манай улсын зээлжих зэрэглэл буурсан нь эдийн засаг хямралтай байгааг гадны шинжээчдийн нүдээр харуулж байгаа юм. Зээлжих зэрэглэлээ тогтоохдоо макро эдийн засаг, эргэн төлөгдөх гол нөхцлөө тооцож гаргадаг. Дээрээс нь энэ асуудал эдийн засагт нөлөөлнө, жишээлбэл мөнгө хэрэгтэй үед зээлжих зэрэглэл ийм байвал өндөр хүүтэй зээл авах нөхцөл бүрдэж буйг л харуулж байгаа юм. Яахав, би үүнтэй нэг талаараа санал нэг байна. Нөгөө талаараа заавал зээл авч байж хөгжинэ гэдэг ойлголтоор яваад байна гэдгийг л анхааруулж байна.
-Манай улсын улсын нийт гадаад өр хэдий хэмжээний өр байна вэ. Сүүлийн үед нэг хүнд ноогдох өрийн хэмжээ 10 сая гаруй төгрөг гэх боллоо. Энэ үнэн үү?
-Өнөөдөр бид Монгол Улсын нийт өрийг ярилцах хэрэгтэй л дээ. Өнөөгийн байдлаар бид зөвхөн Засгийн газрын гадаад өрийг л яриад байгаа юм. Гэтэл Засгийн газрын гадаад өрөөс гадна хувийн хэвшлийн гадаад өр гэж эдийн засагт ихээхээн нөлөө үзүүлдэг тоо баримт байдаг. Тоо баримтаар бол хувийн хэвшлийн гадаад өр 16 тэрбум ам.доллар, Засгийн газрын гадаад өр 5 тэрбум ам.доллар нийтдээ манай улсын нийт өр 21 тэрбум ам.доллар болж байгаа юм. Үүнийгээ гурван сая иргэндээ хуваавал 10 сая төгрөг хол гарахаар тоо баримт байна. Монгол Улс хувийн хэвшидл тулгуурлаж эдийн засгийн хямралаас гарна гээд байгаа боловч хувийн хэвшлийнхэн эргэж төлж даахааргүй ийм их өртэй байхад яаж хувийн хэвшил хөгжих вэ. Гэтэл эсрэгээрээ хувийн хэвшлээ төр нь дампуурлаас гаргах үүрэг хүлээчихээд байна. Энэ байдлыг bailout гэж нэрлээд байгаа. Гэхдээ энэ арга бол манай нөхцөлд тохирохгүй. Энэ аргаар төрийн компанийг дампуурлаас гаргадаг төдийгүй үйлдвэрлэл эрхэлдэг бүтээгдэхүүн үйлчилгээ бүтээдэг баялаг бүтээгчдэд bailout хэрэглэдэг байна. Тэрнээс биш газрын баялагийг ухаж, дундраадаг компаниудад хэрэглэдэг арга биш юм. Тэгэхээр энийг ялгаж салгаж ойлгох хэрэгтэй байгаа юм. Тиймээс хувийн компани хямралаас гаргана гэдэг буруу ойлголтоос салах хэрэгтэй. Хувийн компани төрөөс мөнгө сааж, төр та биднээс мөнгө сааж байхад хувийн компани эдийн засгийн хямралыг бууруулна гэж байхгүй л болов уу.
-Тэгвэл энэ замаас гарах ямар гарц байна вэ?
-Монгол Улс өрийн асуудлаас болоод дампуурлын ирмэгт хүрчихээд байна. Одоогийн байдлаар төсвийнхөө 10-15 хувийг гадаад өрийн үйлчлгээний төлбөрт өгч байгаа. Гэтэл 2017 он гэхэд Хөгжлийн банкны зээл, 2018 онд Чингис бонд 2023онд Самурай бонд төлж дуусгах ёстой. Жишээ нь 2017 онд 500 гаруй сая ам.долларыг бид эргэж төлөх ёстой, энэ нь төсвийн 30 хувийг өрөнд өгнө гэсэн үг. Энэ их мөнгийг өрөнд өгчихөөд юугаараа амьдрах вэ гэдэг асуудал тулгарна. Энэ бол хэзээ ч байж болохгүй харьцаа. Эдийн засгийг шууд дампууралд оруулна. Тиймээс дампуурлаа зарлаад эртхэн учраа олвол урт хугацааны дараа бидэнд арай дээр байх нөхцөл бий болно.
-Гэхдээ бид арай ч дампуурчихгүй байлгүй дээ?
-Яагаад дампуурах болоогүй гэж. Өнөөдөр бид төсвийнхөө 10-15 хувийг зээлийн үйлчилгээнд төлж байна. Дээрээс нь хамгийн наад зах нь 500 сая ам.долларыг төлнө. Мөн мэдэгдээгүй өрийн асуудал гарч ирж байна. Тэгэхээр манай улс дампуурах магадлал маш өндөр болж байна. Мөн валютын нөөц шавхагдаж байхад бид яаж импортоо санхүүжүүлэх юм. Ийм нөхцөл байдалд дампууралын ирмэгт ирсэн нь илт байна. Харин энэ байдалд манай улс Олон улсын валютын сангийн Stand by хөтөлбөрөөс их хэмжээний зээл авч, манай улс эдийн засгаа жолоодож чадахгүй нь гэдгээ хүлээн зөвшөөрнө гэсэн үг. Энэ зээлийг авбал бүтцийн томоохон өөрчлөлтийг тус сангаар хийлгүүлнэ гэсэн үг. Гэхдээ миний бодлоор хямралаас хохирол багатай гарая гэвэл улс төрийн зориг гаргах хэрэгтэй. Шууд л дампуурлаа зарлах хэрэгтэй. Мөнгө байхгүй ээ гээд л хэлчих хэрэгтэй. Тэгвэл бид урт хугацаанд хохирол багатай хямралаас гарна. Одоо харин энэнээс гарах гэж байна гээд ордуудаа зараад шууд бус аргаар баялагаа өгчих гээд байна энэ нь буруу юм.
-Улсын төсөв бүрдэхгүй байгаа. Иймд жил бүр л төсөвт тодотгол хийдэг. Заавал төсвөө өндөр дүнтэй батлаад түүнийгээ танаж байх нь зөв үү. Төсвийн орлого бүрдүүлэгч ашигт малтмалын үнэ цаашид ямар байх төсөөлөл гарч байна?
-Төсвийн тооцоог буруу гаргаж байгаатай холбоотой. Эхнээсээ төсөв гаргаж буй эдийн засагчид гадаад, дотоод зах зээл, эдийн засгийн байдлаа нарийн судалж тооцох учиртай. Шинжээчдийн үзэж буйгаар энэ онд дэлхийн зах зээл дээр ашигт малтмалын үнэ өсөх төсөөлөл бий. Гэвч манайд энэ нь нөлөөлнө гэж найдах хэцүү. Учир нь, дэлхийн зах зээлийн байдлаас илүү Хятадын зах зээлийн үнэ бидэнд хамааралтай. Өөрөөр хэлбэл урд хөршийн худалдан авагчидтай түүхий эдээ ямар үнээр нийлүүлэх гэрээ хийв гэдгээс бүх зүйл шалтгаална.
Ж.ЧИМЭГ
www.amjilt.com