УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар эхлээд “УИХ-ын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийг товлон зарлах тухай” тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Сонгуулийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт ээлжит сонгуулийг санал авах өдрөөс 65-аас доошгүй хоногийн өмнө УИХ товлон зарлана, мөн хуулийн 16.4 дэх хэсэгт УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгуулийн санал авах өдөр нь нэг өдөр байна гэж тус тус заасны дагуу Сонгуулийн ерөнхий хороо ээлжит сонгуулийг товлон зарлуулах саналаа ийнхүү УИХ-д уламжилж буй хэрэг. Тогтоолын төсөлд ээлжит сонгуулийг 2016 оны дөрөвдүгээр сарын 8-ны өдрөөс товлон зарлахаар тусгасан бөгөөд энэ хэвээр УИХ-ын чуулганаар баталсан.
Харин дараа нь хэлэлцсэн “УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” тогтоолын төсөл нэлээд маргаан дагуулсан.
Тогтоолын төсөлд 2016 оны ээлжит сонгуулийг зохион байгуулахтай холбоотой улсын төсвөөс санхүүжүүлэх зардлын хэмжээг хуулийн дагуу 16 тэрбум 453 сая 912 800 төгрөгөөр тогтоохоор тусгасан байна. Энэ нь өмнөх сонгуулиудтай харьцуулахад хэт өндөр байна гэх шүүмжлэлийг дагуулж байлаа.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, сонгуулийн зардал жилээс жилд нэмэгдэж байгаа шалтгаан болон сонгуульд хичнээн хүн оролцох, гарах зардлын талаар тодруулсан. Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн “Зардал өмнөх дөрвөн жилийн сонгуулиас 400 гаруй сая төгрөгөөр багасч байгаа. 2012 оныг 2016 онтой харьцуулахад санал авах сонгуулийн насны хүний тоо 146 мянгаар нэмэгдэж байгаа. 2012 онд 1905 хэсэг байсан бол одоо 2091 хэсэгтэй болж байгаа тул энэ хэмжээгээр зардал нэмэгдэж байна. Мөн сонгуулийн хороодод ажиллах хүний тоо урьдчилсан тооцоогоор 5000 гаруйгаар нэмэгдэж байгаа. Түүнчлэн УИХ-ын сонгууль аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль хамт явагдах учир саналын хуудасны зардал нэмэгдэнэ” гэв.
Сонгуулийн зардлыг төсөлд тусгасны 2.5 тэрбумыг автоматжуулсан системд, 3.2 тэрбумыг саналын хуудас хэвлүүлэх зэрэгт зарцуулах аж.
Тэр ч утгаараа хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэл “Өмнөх УИХ-ын сонгууль 30 хоног болдог байсан бол шинэ хуулиар 18 хоног үргэлжилнэ. Техник хэрэгсэл нэвтрүүлсэн учраас зардал хэмнэгдэх ёстой. Аудитын газар нарийн хянасан уу, хянуулж байвал яасан юм бэ” гэсэн асуудлыг хөндсөн бол мөн нэр бүхий гишүүдийн зүгээс нөхөн сонгууль хийх бол хэрхэн зохион байгуулах. Автоматжуулсан систем ашиглах боломжтой эсэх, аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаад хариулт хүсч байв.
Мөн УИХ-ын дарга З.Энхболд, энэ жил Улсын Их Хурлын сонгууль болон аймаг, нийслэлийн ИТХ-ын сонгууль хамт явагдана. Иймд нийт хичнээн зардал гарах тооцоо байгаа талаар тодруулахад Төрийн байгуулалтын Байнгын хорооны дарга А.Бакей “2012 оны УИХ-ын сонгуультай нийслэлийн ИТХ-ын сонгууль хамт явагдсан. Тэр үед УИХ-ын сонгуульд 16.8 тэрбум төгрөг зарцуулсан бол нийслэлийн ИТХ-ын сонгуульд 464 сая төгрөг, нийт 17.3 тэрбум төгрөг зарцуулагдсан. Энэ удаагийн сонгуульд аймгийн ИТХ-ын сонгууль нэмэгдэж байгаа гэж үзвэл түрүүчийн УИХ болоод нийслэлийн ИТХ-ын сонгуулиас нэг тэрбум орчим төгрөгөөр бага зардлаар хийх гэж байгаа. 2012 оны аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн нийт зардал 5.2 тэрбум төгрөг байсан байна. Үүний хагас нь гэж үзвэл 2.5 тэрбум төгрөг болно гэдгийг хэлж байлаа.
Гишүүд асуулт асууж хариулт авч дууссаны дараа байнгын хорооны саналаар тогтоолын төслийг батлах санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүд 87.7 хувийн саналаар дэмжиж, “УИХ-ын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны ээлжит сонгуулийн зардлын хэмжээг батлах тухай” УИХ-ын тогтоол батлагдав.
Эх сурвалж:http://morningnews.mn/