04.08

Лам, бөө нарыг яая даа

Шашин  шүтэх эсэх нь хувь хүний асуудал ч гэлээ заримдаа яая даа байж  гэж хүртэл бодогдох юм. Үнэн  хэрэгтээ хүн өвдөж шаналан элдэвтээ тулж, амьдралын өмнө өвдөг сөгдсөн тэр үедээ лам,бөө, үзмэрч, мэргэлдэг түргэлдэг, зурхайч энэ тэр  гээд  хэн байх нь  хамаагүй  ачтаны эрэлд морддог. Газар нутгийн хол, таних танихгүй, мөнгөтэй мөнгөгүй байх  нь ердөө ч сонин биш. 

Зардал мөнгөгүй бол байгаагаа зарж үрэх, үрэх зүйлгүй нь өр тавиад ч болов зүтгэх нь бий. Мэдээж туйлын зорилго нь цаг бусын зовлонгоос үтэр түргэн ангижрах явдал. Тэгээд л өнөө эрхэмд үр хүүхэд, хань ижлийнхээ хувь заяаг даатган  буулгасан лүндэнг ёсоор болгох нь бий.  Жишээ нь, шар  мах андахгүй шар зурхайч  “Танайд саяхан  шар цайвар царайтай бүсгүй хүн үдэш орой ороод гарч.

Тэр эм өөрт  наалдсан  байсан муу муухай бүхнээ танай гэрт сэгсэрчихээд гарч. Яг тэр үед нь энэ хүн гэртээ ганцаараа байж таарч” хэмээн айлдахад ах дүү төрөл саднаараа өнөөх  гай чирч ирсэн шар зүст эм  нь хэн болохыг олох гэж  сүйд болцгооно доо. “Тэр л байх, энэ л байх” гэцгээнэ. Гай нь таарч  зурхайч ламын айлдсан дүр бүхий үйлт эмэгтэйд  бэр эсвэл ах дүү дотроо нэр хүнд тааруу яваа нэгэн нь таарвал кинонд гардаг шиг золигт гаргах дээрээ тулж төрөл саднаараа үзэж чадахаа байна шүү дээ. 

Эсвэл ажил дээрээ хүнтэй муудалцсан байна. Тэр хүн нь хараачихаж гэвэл дууслаа.   Байгууллага хамт олондоо гомдож туниад зогсохгүй, хамгийн сүүлд хэнтэй юунаас болж муудалцсан тухай  хонон өнжин бодоод хүнээ олчихвол өнөө шидтэний хараал хариулах элс, давсыг ширээн дээр нь  бусдын нүдийг хариулж байгаад цацах, өрөөнийх нь үүдэнд архи өргөх, хаалганы хавтас цуурганд элдэв зүйл хавчуулах гээд үйлийг гүйцэлдүүлэх шиг л болно.  Ялангуяа иймэрхүү зүйл тамирчдын дунд ихээхэн болдог юм шигээ. 

Нэгэн жинд өрсөлдөх , нэгэн зайд уралдах тамирчид   бие биеийнхээ хувцас, цүнх рүү элс шороо цацах  юу ч биш гэнэ лээ.  Нэгэн өрөөнд хамтдаа амьдарч, бэлтгэл хийх хоёр бүсгүй үр нэгнийхээ дээр гарахын тулд унтаж байгаа нэгнийхээ толгой руу элс хийсэн, дэрэн доор нь улаан хар даавуу хийсэн тохиолдол гарсан тухай олны яриа байдаг. Уг нь тэмцээнд хэн сайн бэлтгэл хийж хөлсөө гаргасан нь ялалт байгуулах учиртай бус уу.   Иймэрхүү хий хоосон зүйлд итгэн нэгнийхээ сэтгэлд юм хийн өөрийнхөө зүрх сэтгэлээр тоглох болсон нь чухамдаа хувь хүний асуудал ч гэлээ цаашид бодох л зүйл мөн билээ. 

Нөгөөтэйгүүр, сүүлийн үед бөөгийн шашин руу хэт хошуурах болжээ.  Ингэж хэлснээр бөөгийн шашныг бүү шүт гэсэн үг биш.  Мундаг, чадалтай, эрдэм төгс бөө нар байдаг л юм билээ. Харсаар байтал  дөрвөн мөч нь татчихсан байсан хүнийг онгодоо буулгаад зүв зүгээр болгосон тохиолдолтой таарч л байсан. Учрыг нь лавлахад, өнөөх эр айлын мал хулгайлсныхаа шанд өрөөл татанхай болсон байсан юмсанж.  Энэ бол өөр асуудал.  Тиймээс уншигч танд зөвлөхөд  жинхэнэ ёс жудгаараа яваа, тэнгэрийн сахиусандаа үнэнч, зан үйл нь  мөн чанараа агуулсан тийм бөөг сонгох нь зөв гэх байна.   

Тэгээгүй, мухар сүсгийнхээ гайгаар амь нас, эрүүл мэндээрээ хохирсон тохиолдол нэг биш удаа гарах болсон аж. Саяхан гэхэд л 80 хувийн түлэгдэлтэй хүүгээ сахиад эмнэлэгт хэвтэж байсан эмэгтэй бөөгийн үгэнд итгэн Түлэнхийн төвийн сэхээний тасгийн цонхоор хүүхдээ оргуулан  авч  явтал хөөрхий хүү бөөгийндөө ч хүрч чадсан юмгүй замдаа амьсгал хураасан золгүй явдал гарсан байсан.   Зальтай нөхдүүд бөөгийн өмсгөл  өмсч, хэнгэрэг дэлдэн хүний хувь заяагаар тоглож   байдаг сурагтай.  Бас сурсан эрдмээр дулимаг бөөнцөрүүд ч бий гэнэ лээ.  Лам нар ч ялгаагүй.   

Зөвхөн ажил явдал гарсан айлуудаар явж, маанийн ерөөл авч хэдэн төгрөг халааслаад явж байх сонирхол бүхий лам нарын тоо эрс өссөн талаар Төв гандантэгчилэн хийдийн тэргүүн нэгэнтээ өгүүлж байсан. Тэд гандан хийдээрээ сардаа ганц нэг үзэгдвэл их юм байх.  Энэ мэтчилэн лам бөө, зурхайч нарын ёс бус үйлдлийн талаар олон баримт дэлгэж болно. Нийслэлийн цагдаагийн газрын хэвлэлийн төлөөлөгчийн мэдээлснээр хэд хэдэн бөөд эрүүгийн хэрэг үүсгэсэн байдаг аж. Тэднийг  санамсаргүйгээр бусдын амь нас эрүүл мэндийг хохироосон хэргээр шалгаж байгаа гэсэн.  Эцэст нь хэлэхэд, бөөгийн  шашин хөгжлөө хөгжлөө гээд  орчин цагийн  анагаах ухааныг давж хөгжих нь юу бол.   Эрээвэр хураавар орчлонд өөрийнхөө бөндгөрөөр явах  шиг сайхан зүйл үгүй ч байж мэднэ.

Ч.Чулуунцэцэг