04.11

А.Мөнхбат “Топ хулгайч”-аар карьераа дуусгасан нөхдийг нэрлэсний учир юу байв

Монголын Залуучуудын холбоо /МЗХ/-ны ерөнхийлагч А.Мөнхбат “Топ 10 хулгайч”-ийг нэрлэсэн байна. Түүний ил тод зарласан “Топ 10 хулгайч”-д нь Монгол Улсын Ерөнхийлөгч асан гурван хүн, УИХ-ын өнөөгийн дарга, Ерөнхий сайд байсан дөрвөн хүн, нэг сайд, Монгол банкны ерөнхийлөгч орсон байгаа нь олон нийтээс шүүмжлэл дагуулаад байна. Учир өнөөгийн эрх баригчид, төрийн өндөрлөгүүдээс нэг нь ч дээрх жагсаалт гээчид нэр дурдагдаагүй нь ийн эргэлзээ дагуулж, нэгэнт карьер нь дууссан нөхдийг жагсаах ямар хэрэг байв гэх хүмүүс байгаа юм.

            Үүгээр ч зогсохгүй МЗХ-ны ерөнхийлөгч дээрх хүмүүсийг яагаад хулгайч гэж зарлаж байгаагаа баримт, тодорхой тоо сэлт дурдаагүй байна. Өөрөөр хэлбэл, зүгээр л нэг дурдмаар санагдаад дурдчихав уу эсвэл хэн нэгэнд таалагддаггүй, тээг садаа болох хүмүүсийг нь жагсаагаад биччихэв үү бүү мэд. Ямартай ч нэлээд хугацаанд пи-ардаж, багагүй хүлээлт үүсгээд байсан жагсаалт ийм байгаа нь олон нийтэд төдийлөн таалагдсангүй. А.Мөнхбат өнгөрсөн долоо хоногт хар жагсаалт, хулгайчийн жагсаалтыг УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт тэргүүлж байна хэмээн зарласан. Гэтэл тэр тэргүүлж байсан хүн нь энэ удаа алга болсныг харахад 11-д юм уу, бүр хойшоо орсон юм болов уу гэж бодмоор. Ямартай ч А.Мөнхбатын хулгайчийн жагсаалт нэг л явуургүй болоод ирлээ шүү. Энэ мэтээр үргэлжлүүлэх юм бол эртхэн больсон нь дээр дээ гэх хүмүүс ч байгааг нуух юун.

Г.НАРАН