04.12

Эцэг эхийн буруугаас хүүхэд түлэгдвэл эрүүгийн хариуцлага хүлээнэ

Бага насны хүүхэд халуун цай, буцалсан усанд түлэгдэж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлэх, амь насаа алдах тохиолдлууд гарсаар байна. Хамгийн сүүлд гэхэд өчигдөр Сонгинохайрхан дүүргийн дөрөвдүгээр хороонд оршин суух 8 сартай эрэгтэй М нь савтай буцалсан халуун усанд нуруугаараа унаж түлэгдэн тус төвийн Түлэнхийн тасагт хэвтэн эмчлэгдэж байгаа аж. Хэргийг тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Эцэг эхийн буруугаас болж хүүхэд ийнхүү түлэгдвэл эрүүгийн хариуцлага хүлээдэг юм байна. Тодруулбал Эрүүгийн хуулийн   118.1-д “Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ шунахай зорилгоор урвуулан ашигласан, асран хамгаалж байгаа хүнээ хараа хяналтгүй байлгасан, шаардлагатай тусламж үзүүлэлгүй орхисон бол хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг таваас тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэгээс гурван сар хүртэл хугацаагаар баривчлах ял шийтгэнэ.” гэж заажээ.

Б.ЦЭЛМЭГ 

www.medee.mn