Монгол Улсын Засгийн газар болон Европын холбооны хамтарсан “Монгол Улсад ажлын байр нэмэгдүүлэх төсөл: Хувийн хэвшлийн оролцоотойгоор мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүн болон хүнсний ногооны үйлдвэрлэлийн өртөгийн сүлжээг хөгжүүлэх нь” төслийн албан ёсны нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж байна. Нийт 4.15 сая евро буюу 9.48 тэрбум төгрөгийн санхүүжилттэй энэхүү төслийн гол хамтрагч нь ХХААЯ бөгөөд Нэгдсэн үндэстний байгууллагын агентлагууд болох Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, Аж үйлдвэрийн хөгжлийн байгууллагуудтай хамтран 2016 – 2019 оны хооронд хэрэгжүүлэх юм. Европын холбооны санхүүжилт бүхий төслүүдийн хүрээнд Монгол улсад техник, мэргэжлийн боловсрол, сургалтын салбар болон стандартчилалын тогтолцоог шинэчлэх үйл ажиллагааг бэхжүүлэхэд төслийн ач холбогдол оршиж байна. Төслийн оролцогч талууд нь чиглэл хариуцсан яамд буюу Аж үйлдвэрийн яам, Хөдөлмөрийн яам, Засгийн газрын агентлагууд (тухайлбал: Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандартчилал, хэмжил зүйн газар), орон нутгийн засаг захиргаа, дэмжлэг үзүүлэх байгууллага, үйлчилгээ, судалгаа, бодлого, эрдэм шинжилгээний байгууллагууд, мэргэжлийн боловсролын төвүүд, бизнес /худалдааны холбоод, тухайлбал худалдаа аж үйлвэрийн танхим, ажил олгогчдын холбоо, хувийн хэвшлийн байгууллага-компаниуд болон дээрх таван төрлийн өртөгийн сүлжээнд хамрагддаг, үйл ажиллагаа эрхэлж буй нийт оролцогч талууд байна.
Төслийн нээлтийн ёслолын арга хэмжээний үеэр ХХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Ариунболд, Европын холбооны БНХАУ болон Монгол улсыг хариуцсан элчин төлөөлөгч Ханс Детмар Щвесгут болон НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ази, Номхон далайн бүс нутгийн төлөөлөгчийн газрын орлогч захирал Вили Фуавау нар Харилцан ойлголцолын санамж бичигт гарын үсэг зурлаа.