Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль энэ сарын 01-нээс хэрэгжиж эхэлсэн билээ. Ингэснээр гэртээ байгаа 19 мянган хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдах боломж нээгдэж байгаа хэдий ч бас асуудал гарсаар байна.
Энэ үйлчилгээ зуны гурван сард хэрэгжихгүй бөгөөд цэцэрлэгийн нэгэн адил есдүгээр сарын 01-нээс эхлэн, дараа жилийнх нь тавдугаар сарын сүүл хүртэл үргэлжилнэ" гэсэн юм. Хүүхдийн төлөө үндэсний газрын Олон нийт, түншлэл, хамтын ажиллагааны албаны дарга Ж.Азжаргал мэдээлэхдээ "Иргэдийн дунд таван хүүхэд харж буй хүн бүр хуульд хамрагдаж, хувьсах зардлыг төрөөс авна гэсэн ойлголттой байгаа нь буруу. Бид бэлтгэл ажлын хүрээнд 150 сургагч багш бэлтгэсэн. Эдгээр багш нийтдээ 1800 гаруй хүүхэд харагчийг таван чадамжийн сургалтад хамруулж, сертификат олгосон. Мөн хүүхэд харах үйлчилгээнд тодорхой стандартууд бий.
Тухайлбал, нэг хүүхдэд 2.5 кв.м зай талбай оногдох ёстой, өрөөний температур, халаалтын горим зэрэг шаардлагуудыг хангасан бол мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг гаргуулж байна. Ингэж сургалтад хамрагдаж, сертификат авсан, үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөл бүхий хүмүүс л хуульд хамрагдана.
Улсын хэмжээнд 10.8 тэрбум төгрөгийг хүүхэд харах үйлчилгээний тухай хуулийг хэрэгжүүлэхэд зориулж гаргасан. Энэхүү төсөвт багтаан улсын хэмжээнд 10328 хүүхэд энэ үйлчилгээнд хамрагдана. Нэг хүүхдийн хувьсах зардал нь сарын 116700 төгрөг. Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсах зардал нь үүнээс хоёр дахин их буюу 233400 төгрөг байна. Харин тухайн хүүхэд харагч нь эцэг, эхтэй нь харилцан тохиролцож, хүүхэд хөгжүүлэх хөтөлбөр хэрэгжүүлэх тохиолдолд эцэг, эхээс тодорхой зардал гарна. Тухайлбал, бичиг хэргийн зардал, илүү цагаар харуулах бол түүний нэмэлт мөнгө зэрэг тодорхой хэмжээний зардал эцэг эхээс гарч болно. Гэхдээ нийт сарын төлбөрийн 50-60 хувиас хэтрүүлэхгүй байх ёстой. Хүүхэд харах үйлчилгээнд 2-6 насны хүүхдүүд хамрагдана.
Харин хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нас харгалзахгүйгээр хамрагдах боломжтой" гэх мэдээллийг өгч байсан. Дээрх эх сурвалжийн хэлснээр эцэг эхчүүдээс тодорхой зардал буюу сард 70 мянган төгрөгийг эцэг эхчүүдээс гаргана гэж байгаа юм. Гэтэл хүүхдүүдээ өгсөн эцэг эхчүүд энэ мөнгийг гаргах чадал алга. Тухайлбал Сонгинохайрхан дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйлчилгээ эрхлэхээр зөвшөөрлөө авсан нэг газар байгаа юм.
Өнөөдрийн байдлаар 6 хүүхэдтэй байна. Одоо ирсэн гурван хүүхдийн ар гэрээс нь мөнгө өгөөгүй, хүүхдүүдийн хоолыг таслачихгүй тулд багш нар ар гэрээсээ хоол зөөж байгаа нь үнэн. Төрөөс санхүүжилт нь хэзээ орж ирэх нь тодорхойгүй дээр энэ сард “Мөнгө өгөхгүй” гэсэн цуу яриа ч үйлчилгээ эрхэлж байгаа багш нарын дунд тархсан байна.
Үйлчилгээнд хүүхэд авлаа гээд өдрийнх нь хоол ундыг хийх материал авах мөнгө ч алга. Ирсэн хүүхдүүдийнх нь эцэг эх мөнгөө өгч чадахгүй ийм л байдалтай эхэлж байна. Цаашдаа ийм байдалтай хэр удаан явах уу, одоо үндсэндээ нэг сар гаруйн хугацаа л үлдсэн байгаа юм. Тиймээс энэ үйлчилгээ жигдэрч, жинхлэгдэж чадахгүй 6 сарын 1-нд хаалгаа барих вий дээ. Тэгсэн хэрнээ заавал 15 хүүхэд авах ёстой гэсэн зарчмын дагуу багш нар хүүхэд хайж, айл царайчилж явна. Дээрх хорооны хоёр багш нь тус хорооноосоо хүүхдүүд олохын тулд айл айлын хашааны хаалга тогшиж, “Танайд энэ үйлчилгээнд хамрагдах бага насны хүүхэд байна уу” гэж асууж явна. Харин хариуд нь “Хүүхдүүдээ өгмөөр байна. Даанч мөнгө төгрөг алга даа” гэсэн тайлбар шалтгаан хэлээд хаалгаа хаах юм. Түүнээс гадна аргагүй эрхэнд хүүхдээ өгсөн хэдий ч мөнгө байхгүй, сарын дараа найдвартай өгье, долоо хоногийн дараа гэх зэргээр хойшлуулсаар байна.
О.Сайхан
www,zaluu,com