04.20

Эрүүл мэндийн салбарыг эмнэлэг дагаж бурзайх бизнесээс ангид байлгая

Зуднаар нохой зоолж, зовлонд  учирсан үед  лам баяждаг гэх эртний үг байдаг.  Хатуу боловч үнэний ортой эл үг орчин цагт ч хуучраагүй, үнэ цэнэтэй хэвээр.  Монгол Улсын нийслэл Улаанбаатар  дэлхийн бусад хотыг бодвол харьцангуй цөөн  клиник эмнэлэгтэй.   Нэршлийн хувьд аваад үзвэл халдварт, хавдар судлал,  гэмтэл согог, түлэнхийн төв, цэргийн госпитал,  хуучнаар НАХЯ-ны эмнэлэг,  клиникийн нэг, хоёр, гуравдугаар эмнэлэг дээр дүүргүүдийн нэгдсэн эмнэлгийг нэмээд л  шувтрах тийшээ хандана.  Эдгээр эмнэлгүүдийн барилга  ХХ зууны төгсгөлөөр баригдаж ашиглалтад орсон гэхээр  насжилтын хувьд зарим нь 60 гарч  яваа.   Хамгийн залуу нь  Гэмтэл согог, Хавдар судлал, Халдварт, Эх нялхас  байх.   Дэлхийн II дайны дараахан барилга нь  баригдсан гэх Түлэнхийн төв, Эрүү нүүрний  төв, НАХЯ-ны эмнэлгийн барилгыг нурааж  орхисон. 

Шинэ эмнэлгийн барилгын шав хэзээ тавигдах нь одоогоор сураггүй байгаа. Нураагдсан эмнэлгүүд  байршил сайтай, хотын төвд оршдог тул  хөрөнгө бэлтэй хүмүүс газрыг нь булаацалдаад  байдаг сурагтай. Тухайн байршил бүхий газар  хоёр  томоохон клиник эмнэлэг барих  дайны үнэ хүрдэг юм бол  нийслэлийн удирдлагууд  дуудлагаар ч болов  худалдаж орхиод түүгээр нь асуудлыг  шийдэж орхиход буруудах  зүйлгүй болов уу. Энэ бүхнийг дурдахын учир эрүүл мэндийн салбарыг дагаж бурзайх бизнесээс ангид байлгая гэсэн санааг  хэлэх гэсэн  юм.  Дээр нь эмнэлгийн удирдлагууд   барилгынхаа гадна өнгө төрхөд санаа зовдог ч үгүй   бололтой. 

Тэд үнэндээ   улсын төсвөөс мөнгө хялайлгахгүй юм гээд  тайван сууцгаах атлаа албан тушаал, ширээ сандлын асуудал дээр шүүх, цагдаа  гээд хөлөө хүрэх газраа явж, хэлээ хүрэх газраа хүртэл   тэмцэлдэх нь бий.   Гэтэл эмнэлгүүдийнх нь байж  байгааг харахаар өрөвдмөөр.  Яахав  саяхнаас заримд өргөтгөл  хийж  эхэлсэн л байна лээ. Энэ сайн хэрэг. Харамсалтай нь бүх эмнэлэг ийм хэмжээнд хүрч чадаагүй.  Ялангуяа, дүүргүүдийн  эмнэлгийн  барилгын хана туурга цуурч, шал нь өмхөрч, липтнийх нь цахилгааны утас тасарч мэдэхээр болсон байна лээ.  Бас  ашиглагдаж буй тоног төхөөрөмж  нь хэт хуучирч эхнээсээ зоссон. Эмч нар нь  шаардлагатай гэж үзвэл  найз нөхдийнхөө ажиллуулж буй  аль нэг хувийн эмнэлгийн нэр хэлчихээд суудаг болсон байна лээ. Тэгсэн атал эрүүл мэндийн байгууллагыг  түшиглэн  дэлгүүр, хоршоо, ТҮЦ, эмийн сан, хувийн эмнэлэг ажиллуулж байгаа иргэдийн  амьдрал өдөр ирэх тусам дэвжин дээшлэх нь өнөө “Дагдангийн эхнэрийн таргалсан Цэрмаагийн турсан хоёр тэнцэнэ “гэдэг шиг л.  

 Нэг талаас улсын эмнэлэг мөнгө байхгүй гээд аппаратгүй сууж байхад хувь хүн  хэдийнэ оруулж ирээд ашиг олж байх юм.  Улс  заримдаа  хувь хүнээс  дор  ажиллах юм даа.   Хэдэн арван мянган ам. долларын үнэтэй аппаратыг сарын 800 мянган төгрөгийн цалинтай эмч хувиараа оруулж ирэн  ашиг олоод сууж байгаа нь гайхалтай. Тэгээд ч хэн дуртай нь эмнэлэг дотор ТҮЦ ажиллуулдаггүй л байхгүй юу. Хамгийн хачирхалтай нь  улсын эмнэлэг  бусдад түрээслүүлж буй талбайн түрээсээ юунд зарцуулдаг юм бол. Олон жилийн түрээс нэг аппаратны үнэд  хүрдэггүй гэж үү.   Сард дунджаар 250 мянган төгрөгийн түрээс авдаг гэж тооцвол жилийн эцсийн дүнгээр овоо хэдэн төгрөг болно. Ганцхан өрөө биш шүү дээ, дор хаяж таван өрөө  түрээслэдэг байж таараа.  
 
Клиникийн эмнэлгүүдийн үүдээр ороход л  сумын төвийн хүнсний жижиг дэлгүүрт хөл тавьсан мэт сэтгэгдэл төрдөг.   Клиникийн нэгдүгээр эмнэлгийн урд хаалгыг нээхэд  өөдөөс  тань мөнгөний АТМ машин тосч цаашлаад хоёр алхахад л ундаа, ус,компод, улавч, гар нүүрний алчуур, нүүрний тос ярайсан томоон дэлгүүр угтах вий.  Клиникийн хоёрдугаар эмнэлэг ч ялгаагүй.  Төв хаалганы өөдөөс харагдах шатны хоёр талын хонгилыг ашиглан жижигхэн ТҮЦ байгуулсан харагддаг.  Бас тэр бүр үнийг нь дийлэхээргүй үнэ нь өндөр хагас боловсруулсан бүтээгдэхүүн зардаг кофе шоп ажилладаг юм билээ. Ийм үйлчилгээ эмнэлэг бүрт бий дээ. Хөдөөнөөс ирсэн, айлын зайд толгой хорогдох малчин бүү хэл, хотынхонд ч аяга нь 4000-6000 төгрөгнийн үнэтэй кофег  өдөр бүр худалдаж авах чадал  хэн хүнд бийсэн билүү.   Үүнтэй зэрэгцээд цайны газар, эмийн сангууд хаяа дэрлэн орших.  Эмийн сан, хүнсний жижиг ТҮЦ-ийг авгай хүүхнүүдийн эрхэлдэг жижиг зүйл  гээд орхиж болох ч эрүүл мэндийн салбар   хэдэн арван саяар хэмжигдэх тендерээр хөрөнгөжигсөдийнхөө гарын аясаар хөдөлж буй нь үнэн.  
 
Үүнд эгэл жирийн эмч нар хамаагүй ч тэд бас зүгээр суудаггүй. Ер нь л энэ салбарынхан зиндаа зиндаагаараа хөдөлнө шүү.  Худлаа гэвэл та хэн нэгнийг дагаад хэдэн өдөр дарааллан эмнэлгээр яваад үзээрэй.  Хөдөөний царайлж явбал илүү үнэнийг  олж мэднэ. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлэх дарааллаас л  бүх зүйл эхэлнэ.  Дарааллаа долоо хоногоор урагшлуулах шаардлага гарвал нэг цэгийн үйлчилгээнд ажиллаж буй бүсгүйд дор хаяж 5000 төгрөгийн нэгж шилжүүлж гэмээнэ  эхний асуудлаа шийдүүлнэ. Ингээд  наандаж гурван өдөр  хүлээсний эцэст сая нэг юм эмчид үзүүлээд  эмийн жортой болно.  Эмч жороо бичих зуураа эмийн сангийн нэр зааж өгөхөө мартахгүй.   Учир нь  сарын эцэст хичнээн хүн илгээсэн, худалдаж авсан эмийн үнийн дүнгээс хамаарч хувь хүртдэг  байхгүй юу. 

Үнэндээ гурван саяхүрэхгүй шахам хүн амтай МонголУлсынэмзүйнсалбарт 32 үйлдвэр, 1283 эмийн сан, 120 гаруй ханган нийлүүлэгч ажилладаг гэх статистик үзүүлэлт байна. Хүн амын тал нь, эмийн сангуудын гуравны хоёр (2/3) нь нийслэл Улаанбаатарт төвлөрчээ. Улсын бүртгэлд 3000 гаруй эм бүртгэгдсэний талыг нь импортолдог бөгөөд ихэнх нь ОХУ, БНХАУ, Словак, Энэтхэг, Германаас оруулж ирдэг гэж холбогдох албаныхан мэдээлжээ. Харьцуулахад, таван саяхүнтэй Финландулсад клиникийн 24, улсын  224, хувийн 800 эмийн сан ажиллаж, хүн амынх нь 88 хувь эрүүл мэндийн үйчилгээндээ сэтгэл хангалуун байдаг аж. Монголд эм маш өндөр ашигтай бизнес учир иргэд хувьхүнсний барааны адил гадаадаас ганзгаар зөөж, танил эмийн санч,  эмчээрээ дамжуулан борлуулан  ашгаа гурав хувааж байгааг тэмдэглэх хэрэгтэй.  Үүний араас клиникийн тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд орно. 

 Мөн л элэг, зүрхээ тийм аппаратаар оношлуулаад ир гээд явуулахад өнөө аппарат нь хэдийнэ ажиллахаа больсон байх төдийгүй яг тэр эмнэлгийн байранд нь  хэн нэгэн эмч уг аппаратыг хувиараа ажиллуулж байх жишээний. Аппарат юуны учир ажиллахгүй байгаагийн  учрыг олоход  эрүүл мэндийн салбарын хариуцлагатай албан тушаалтны найз нөхөд, ах дүүс нь тендерээр нийлүүлсэн байдаг. Мэдээж тендерт хамгийн бага өртгийг санал болгосон байх тул албан тушаалтан  эрх мэдлээ  ашиглан  олон улсын тусламжийг тендер нэрийн дор ашиглах нь бий.  

Тусламжаар орж ирсэн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл яаж өөдтэй байх вэ.  Хугацаа нь дуусч ашиглалтаас гарах дөхсөн зүйлсээ л хог болгохын оронд хөгжингүй орнууд руу  тусламж нэрээр илгээдэг олон улсын жишиг  байдаг.  Тусламж учраас баталгаа өгөхгүй.  Гурван сар ажиллана уу, гурав хоноод хог болно уу, тэдэнд хүртээлгүй асуудал. Нөгөөтэйгүүр, сэтгүүлч  Б.Энхмартын бичсэнчлэн эрүүл мэндийн салбар өдгөө энгийн хүмүүст мөнгөний гахай, алт, эрдэнэсийн сэйф болж харагддаг гэнэ.

 Тэрбээр цааш нь эрүүл мэндийн салбарт,  сүүлийн 10 гаруй жил Эрүүл мэндийн сайд, дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газрын даргын албан тушаал хашиж явсан цөөнгүй албан тушаалтан тендерийн будлиан, эмнэлгийн тоног, төхөөрөмжтэй холбоотой асуудлаар хуулийн байгууллагаар шалгагдан зарим нь шүүхээс ял сонссон талаар баримт дэлгэн нэр дурдан  бичсэн байна. Хамгийн хариуцлагатай салбарыг хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдөн мөнгө олох эх үүсвэр болгон ашигласан эхний хүн бол  эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай аж.  Тэрбээр тус салбарын сайдаар ажиллаж байхдаа MRI аппарат нийлүүлэх тендерт “Булгат-Овоо” компанийг шалгаруулж, улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байсан.

 Мөн ТайванийнТайпэй хотоос тусламжаар илгээсэн түргэн тусламжийн зориулалттай 10 автомашинаас хоёрыгнь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр, гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан гэх  яриа байдаг. Түүнчлэн ЭХОаппаратны тендер зарлаж, “Siemens” гэх компани 1.5 сая ам.долларын үнээр тендерт ялахад нь уг шийдвэрийг нь цуцалж, дахин нэг сая ам.доллар нэмүүлж байж эрхийг нь олгож байжээ. 

 Үүний дараагийн хүн бол  Н.Хүрэлбаатарыг гэжээ. Хамтарсан Засгийн газар тарсны дараахан Эрүүл мэндийн сайд болсон тэрбээр өөрийн нууц хүү Н.Энхбатынхаа гэрт мөнгө хадгалуулж,  хуулийн байгууллагынхан сэжиг авмац  сейфтэй нь гаргаж хаян  шуугиан дэгдээж байсан.  Сейфийг  онгойлгоход дотроос хоёрсая 145 мянган юань, 6000 ам.доллар гарч ирснийг хуулийнхан олон нийтэд зарлаж байсан юм. Үүнийулмаас түүнийг  албан тушаал эрх мэдлээ хэтрүүлэн ашиглан улсын их хэмжээний мөнгийг шамшигдуулсан  байж болзошгүй хэмээн Олон улсын интерполоор эрэн сурвалжилж, эх орондоо ирсэн даруйд нь баривчилж, цагдан хорьсон.   

Гутгаар эрхэм бол  Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл.  Тэрбээр яамнаас зарласан эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт өөрийн “Лабтех" компанийг хууль бусаар шалгаруулж, хуурамч бичиг баримт үйлдэн хуучин тоног төхөөрөмж нийлүүлсэн гэмтэн.  Н.Түмэндэмбэрэл  тухайн үед албан тушаалаа ашиглан  “Лабтех”  компанийн данс руу нэг тэрбум 735 саятөгрөгийг MRI соронзон оношлогооны аппарат нэрийн дор  шилжүүлээд удалгүй  “Саммитмедикалсервис” компанийн данс руу нэг  тэрбум 720 саяыг нь шилжүүлэн  тендерийн ажлыг гүйцэтгүүлсэн байдаг. Тодруулбал,  хувийнхаа компанийг тендерт шалгаруулаад өөр компаниар хуучин тоног төхөөрөмжийг Щастины нэрэмжит гуравдугаар эмнэлэгт   нийлүүлсэн юм билээ.

 Эрүүл мэндийн салбарыг их хэмжээний мөнгөний асуудлаар олны анхааралд дахин оруулсан хүн нь Г.Шийлэгдамба. Түүний албан өрөөнөөс өнгөрсөн оны арваннэгдүгээр сард  500 саятөгрөгтэй тэнцэх ам.доллар бэлнээр олдсон. Зарим эх сурвалж “Намынхаа хандивт бусдаас их хэмжээний мөнгө авлигад авч байхад нь АТГ-ынхан газар дээр нь баривчилсан” хэмээн мэдээлж буй ч тэрбээр энэ тухай  “Даваасүрэн гэх танилаасаа намын санхүүжилтэд зориулан мөнгө зээлсэн” хэмээн тайлбарлаж,  хорих ангиас бичсэн захидалдаа энэ тухайгаа дурдсан  байдаг.   Г.Шийлэгдамбын эл хэрэгт бас нэг хүн холбогддог нь   Эрүүл мэндийн яамны төрийн бичгийн дарга Г.Ганчимэг.  

Г.Шийлэгдамбыг саатуулснаас дөрөв хоногийн дараа түүнийг  АТГ-аасбаривчилсан.  Мөн л бусдаас их хэмжээний мөнгө авлигаар авсан байж болзошгүй хэмээн шалгаж байгаа юм билээ. Эх сурвалж тус яамнаас хэрэгжүүлж буй 19.5 сая ам.долларын өртөгтэй  “Цахим эрүүлмэнд ” төслийн тендертэй холбоотойгоор шалгаж байгаа гэдэг. Тодруулбал, УИХ-аас энэ төслийг Дэлхийн банк, БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр өнгөрсөн оны долдугаар сард баталсан. Төслийн эхний шат буюу цахим эрүүл мэндийн суурь баазыг бүрдүүлэхэд “HUAWEY” компани хамтран ажиллахаар болсон аж. Монголын талаас гүйцэтгэгч компанийг шалгаруулахаар тендер зарлан төслийн эхний шат буюу  2.85 сая ам.долларыг БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлэхээр болсон юм . Гэтэл материалаа ирүүлсэн дөрвөн компанид “Метронетворк” компани байгаагүй атал түүнийг шалгаруулсныг ашиг сонирхлын зөрчилтэйгэж үзжээ. Түүнтэй хамт тус яамны хэд хэдэн газрын дарга шалгагдаж байгааг эх сурвалжууд өгүүлж буй. Тэгэхээр эрүүл мэндийн салбар эмнэлэг дагаж цэцэглэдэг бизнесээс ангижрах цаг болжээ. 

Сэтгүүлч Ч.Чулуунцэцэг

http://www.mminfo.mn/content/86751.shtml?alias=opinion