Залуу яруу найрагч Ш.Урьханы уран бүтээлийн хос цомгийн баяр энэ сарын 25-ны үдэш Улсын Филармонид болох гэж байгаа юм. Олонд танигдсан олон гоё дууны шүлэг бичсэн түүний баярыг хуваалцахыг хүссэн хэн бүхэн оролцож болох юм байна. Бүгдийг чөлөөтэй, нээлттэй урьж байна.
МЗЭ-ийн гишүүн яруу найрагч тэрбээр 1992 онд Улаанбаатар хотод төрсөн. 2000-2010 онд Архангай аймгийн Эрдэнэмандал сумын ерөнхий боловсролын сургуулийг, 2010-2014 онд МУИС-ийн Математик хэрэглээний ангийг төгссөн. 2015 оноос МУБИС-ийн Багшийн сургуулийн Оюутны албаны мэргэжилтнээр ажиллаж байна.
2011 онд анхны шүлгийн түүвэр “Урьхан”, 2013 онд “Хаврыг хүлээгч”, “Тэрсүүд зүүдний гудамж” шүлгийн түүврүүд “Сэтгэлийн цалгиа” дууны шүлгийн түүвэр тус тус хэвлүүлж уншигч түмний хүртээл болгосон. 2013 онд УГЗ “Хурд” хамтлагийн гитарчин Д.Отгонбаяртай хамтран БСШУЯ-аас хэрэгжүүлж буй “Авъяас” хөтөлбөрийн сүлд дууг, 2013 онд Архангай аймгийн түүхт 90 жилийн ойг тохиолдуулан УГЗ хөгжмийн зохиолч М.Булган, Архангай нутгийн уран бүтээлчдийн “Тайхар” нэгдэлтэй хамтран “Зүрхэнд мөнхийн нутаг” дуу зохиосон. Энэ дуугаараа нэрлэсэн хоёр ангит аян замын тэмдэглэлт нэвтрүүлэг хийсэн. “Харанга” хамтлагийн аргил гитарчин УГЗ Ц.Чулуунбатын хөгжим Sweetymotion хамтлагийн дуулсан “Чи миний хавар”, “Хурд” хамтлагийн гитарчин МУСТА Д.Мөнхбатын хөгжим “Ангийн нууц” зэрэг олон арван дууны шүлэг бичиж сонсогч түмнийхээ сэтгэлийн тольтод өргөн барьсан нь та бидний хэзээний танил уран бүтээлүүд болж чадсан байна.