Бүгд Найрамдах Турк Улсын Истанбул хотын Захирагч ноён Кадир Топбаш тэргүүтэй төлөөлөгчид Улаанбаатар хотод энэ сарын 24-26-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийж байна. Тэрээр айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, НИТХ-ын дарга Д.Баттулга нарт бараалхаж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй Улаанбаатар болон Истанбул хотуудын хооронд хамтран ажиллах “Санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.
Бүгд найрамдах Турк Улсын Истанбул хотын Захирагч болон зочид төлөөлөгчид өнөөдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүлтэй уулзлаа.
Уулзалтын үеэр ноён Кадир Топаш Улаанбаатар хоттой барилга хот байгуулалт болон ундны усны хангамжийг сайжруулах, хог хаягдлын менежментийг сайжруулах зэрэг томоохон төслүүд дээр хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Истанбул хоттой тэргүүлэх хэд хэдэн чиглэлээр хамтран ажиллаж, туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлээд тэр дундаа хог хаягдлыг дахин боловсруулах, ундны усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор Туул голыг түшиглэн байгуулах “Туулын Усан сан” төслийг хэрэгжүүлэхэд хамтран ажиллаж туршлага солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Мөн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхийг хүслээ.
НИТХ-ын дарга Д.Баттулга Бүгд Найрамдах Турк улсын Истамбул хотын захирагч болон төлөөлөгчдийг хүлээн авч уулзах үеэрээ гэр хорооллын дахин төлөвлөлт болон агаар, хөрсний бохирдлыг бууруулахад чиглэсэн төсөл хөтөлбөрүүд дээр хамтран ажиллахыг хүслээ. Түүнчлэн нийслэлийн нийтийн тээврийг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, Улаанбаатар хотод Аялал жуучлалыг хөгжүүлэх чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн юм. Истанбул хот нь жилд 10 сая гаруй жуулчин авдаг, Европын аялал жуулчлалын гол бүс болон хөгжиж байгаа хот юм. Иймд Улаанбаатар хотын аялал жуучлалыг хөгжүүлэхийн тулд Улаанбаатар Истанбул хотуудын хооронд шууд нисэх нислэгийн тоог нэмэгдүүлэх нь чухал байгааг талууд онцлон тэмдэглэж байлаа.