04.26

“Херо Энтертайнмент”: “Би юу хийчихэв ээ” бичлэгийг МАН-ын захиалгаар хийсэн

Өнөөдөр “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн уран бүтээлийн баг ээлж дараалан хэвлэлийн бага хурал зарлаж, сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм. 11:30 цагаас тус нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужин “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийг түр хугацаанд зогсоож байгаагаа мэдэгдсэн. Тэгвэл түүний дараа 12:30 цагаас “Херо Энтертайнмент”-ийн уран бүтээлчид болох Ерөнхий редактор Д.Батзориг, Ерөнхий графикч Ц.Мөнх-Очир тэргүүтэй хүмүүс мэдээлэл хийлээ. 

Тэд “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн бэлтгэлийн дүрсүүд алдагдаж, цахим ертөнцөөр тарсан хэргийн эргэн тойрон дахь асуудлын талаар мэдээлсэн. 

Ерөнхий редактор Д.Батзориг мэдээллийн эхэнд “ 2016 оны нэгдүгээр сарын 11-нд "Монгол тулгатны 100 эрхэм" нэвтрүүлгийн бэлтгэл дүрс олон нийтийн сүлжээгээр зохион байгуулалттайгаар цацагдаж эхэлсэн хэрэг гарсан. Бид тэр өдрийн шөнө 03:00 цагийн орчимд цугларч, Оюуны Өмчийн газар болон ЦЕГ-т хандаж, хүсэлт гаргасан. 

Мөн нэгдүгээр сарын 15-нд олон нийтийн сүлжээгээр олон акаунт ашиглан тарааж байгаа учир албаны байгууллага руу нь хандсан. Үүний дагуу манай оюуны өмч мөн гэдгийг нотолсон бичгийг өгнө үү гэж Оюуны Өмчийн газарт хүсэлт илгээсэн. Энэ бүгдийн эцэст буюу нэгдүгээр сарын 29-нд Оюуны Өмчийн газраас "Танай бичлэг мөн гэдгийг батлах нотолгоо болох бичиг баримт, бичгийг илгээнэ үү" гэж хариулт ирсэн. 

Тиймээс манай байгууллагаас холбогдох бүх нотлох баримтуудыг өгсөн байгаа. Ингээд Оюуны Өмчийн газар 49 хоног чимээгүй байсны эцэст "Танай байгууллагаас ирсэн гомдлын дагуу хэрэгжилтийг хянан үзээд дүгнэлт гаргаж байна. Хулгайд алдагдсан гэсэн дүрс бичлэгийг оюуны бүтээл, “Херо энтертаймэнт”-ийн бүтээл гэж тогтоох боломжгүй байна" гэсэн дүгнэлт гаргасан. Үүнээс болоод бид бичлэг цацсан хүмүүсийг АйПи хаягаар нь мөрдөж, олж илрүүлэх, фэйсбүүкээс устгуулах боломжгүй болчихоод байж байна” хэмээсэн юм. 

Мөн “Херо Энтертайнмент”-ийнхан гадаадын байгууллагуудтай хамтарч ажиллаж, бичлэгийг ямар маягаар цацаж байгааг мөрдүүлж, чамгүй олон баримт цуглуулж, цагдаагийн байгууллагад өгснөө ч гэсэн мэдээлсэн юм.

“Херо Энтертайнмент”-ийн Ерөнхий редактор Д.Батзориг “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгийн хөтлөгч П.Анужингийн хийсэн мэдэгдэлтэй холбогдуулж тайлбар өгсөн юм. Тэрбээр “П.Анужин, Б.Баатар нарт энэ нэвтрүүлгийн оюуны өмчийн эрх нь бий. Уг нэвтрүүлгийг монголчуудын түүхэнд гавьяатай хүмүүсийг мөнхлөх, соён гэгээрүүлэх үүднээс хийж эхэлсэн. Энэ зорилгынхоо хүрээнд нэвтрүүлгийг үргэлжлүүлэн хийнэ. Бичлэг алдагдсан гэх асуудлаас хойш бид 10 гаруй дугаар бичсэн. Мөн үргэлжлүүлэн “Дэлхийн монголчууд” нэвтрүүлгээр үзэгчидтэй уулзана” хэмээлээ. 

Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчид “Херо Энтертайнмент”-тай холбоотой бас нэгэн асуудлыг тодруулсан юм. Өөрөөр хэлбэл, жүжигчин Б.Амарсайханы “Би юу хийчихэв ээ” гэх бичлэгийн талаар тодруулсан.  Энэ талаар”Херо Энтертайнмент”-ийн Ерөнхий графикч Ц.Мөнх-Очир  “Уг видеог МАН-ын захиалгаар “Херо энтертайнмэнт” хийж гүйцэтгэсэн. Үүнд ямар нэгэн байдлаар УИХ-ын гишүүн Х.Баттулга оролцоогүй. Тиймээс МАН-тай гэрээ хийж, мөнгө хөлсөө тохиролцоод тэр рекламыг хийсэн” хэмээсэн юм. Мөн МАН-ын зүгээс захиалсан энэхүү бичлэг өнөөгийн нийгмийн бодит үнэнийг хэлсэн нь бидэнд таалагдсан. Энэ бичлэгийг хийсэн МАН-ынханд баярлалаа хэмээн Д.Батзориг хэлсэн юм. 


Н.Болд 
Эх сурвалж: www.mminfo.mn