“НӨАТ-ын урамшуулалаас 400 сая төгрөгийн азтан тодорлоо, тодроогүй байна” гэсэн зөрүүтэй мэдээлэл гараад удав. Гэтэл энэ долоо хоногоос эхлэн 400 саяын азтан болсон гэх дундаа нэг баримттай хоёр бүсгүй гарч ирэв.
Тодруулбал, фэйсбүүкийн “Mommy central” группт нэгэн эмэгтэй өөрийнхөө эгчийг 400 саяын азтан болсон талаар мэдээлэл бичиж, баримтынх нь зургийг дэлгэсэн билээ.
Хэвлэлүүдээр уг баримтын эзнийг хайж тодруулснаар гэртээ гурван хүүхдээ хардаг Н.Цээпил гэх эмэгтэй болохыг олж мэдсэн юм. Тэрбээр энэ сарын 24-ний өдөр ebarimt.mn сайтад баримтаа бүртгүүлсэн аж. Гэтэл Говь-Алтай аймгийн уугуул С.Алтанзул гэх эмэгтэй нийслэл хотод ирэх үеэрээ “Оргил” худалдааны төвийн Амгалан дахь салбараас худалдан авалт хийсэн баримтаа гуравдугаар сарын 20-ны өдөр ebarimt.mn сайтад бүртгүүлсэнээр 400 саяын азтан болсноо мэдсэн гэдэг. Тэгвэл дээрх хоёр бүсгүй ГТЕГ-т ханджээ.
Эхний азтан С.Алтанзул дөрөвдүгээр сарын 5-нд тус газарт хандсан байна. Сугалааны дугаар таарсан боловч QR код нь арилсан байсан тул лабораторид шинжилгээ хийлгэх хүсэлт гаргажээ. Хариу нь ирэх долоо хоногт гарах юм байна.Харин хоёр дахь иргэн Н.Цээпил дөрөвдүгээр сарын 26-нд хүсэлтээ өгчээ. Хүсэлтийн дагуу мэдээлэл технологийн төвд QR кодыг задалж уншуулахад баримттайгаа нийцэхгүй байжээ. Тиймээс иргэн Н.Цээпил 400 сая төгрөгийн азтан биш гэдгийг дээрх газраас албан ёсоор мэдээлж байна.
Энэ талаар Гааль татварын мэдээлэл технологийн төвийн захирал Р.Отгонтулга “Цаасан хэлбэрийг дуурайлгасан ч QR кодыг дуурайлган хийх боломжгүй. НӨАТ-ын урамшуулалтай холбоотойгоор 66 тэрбум сугалааны дугаарыг үүсгээд түүнийгээ санамсаргүй байдлаар иргэдийн баримтад хэвлэж өгдөг. Давхардаж дугаар хэвлэгдэх ямар ч боломжгүй. Сугалаан дээр байдаг QR код бол дахин давтагдашгүй учраас үүнийг нь шалгаж байж тухайн баримтыг жинхэнэ эсэхийг мэддэг” гэв._ Супер азтан тодруулах тохирол гуравдугаар сарын 20-нд тодорч 26024190 дугаартай баримт шалгарсан юм.
Тухайн үед дээрх дугаар бүхий баримтыг бүртгүүлээгүй байсан бөгөөд Баянзүрх дүүрэгт байрлах “Оргил” худалдааны төвд худалдан авалт хийсэн иргэн дээрх баримтын эзэн гэдгийг Гааль татварын ерөнхий газраас зарласан. Харин иргэн Н.Цээпилийн баримт QR код таараагүй учир хуурамчаар үйлдсэн байх магадлалтай гэдгийг ч ГТЕГ-аас мэдээлж байна. Харин хуурамч баримт хийсэн иргэнд хүлээлгэх хариуцлага байдаг эсэх талаар ГТЕГ-ын Хууль эрхзүйн газрын дарга Б.Доржсүрэн “Хэрэв хуурамч баримт гэдэг нь тогтоогдвол бид холбогдох хуулийн байгууллагад шилжүүлнэ. Хуулийн байгууллага тухайн үйлдлийг ямар зөрчил гэдгийг тогтоож, хариуцлага хүлээлгэх болно” гэсэн юм. Журмын дагуу азтан тодорсноос хойш 90 хоногийн дотор тухайн иргэн баримтаа бүртгүүлснээр мөнгөө авах боломжтой болно. Эс тэгвээс сугалааны шагнал Төрийн сан руу эргэн буцаагддаг аж.
О.Сайхан
www.zaluu.com