05.02

Ашиглалтад ороод жил ч болоогүй III сургуулийн барилгын хананд цууралт өгчээ

Нийслэлийн хамгийн ууган сургууль болох гуравдугаар сургуулийн шинэ барилга өнгөрсөн есдүгээр сард сүр дуулиантайгаар нээлтээ хийж ашиглалтад орсон.

Нэг ээлжиндээ 960 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай, дэлхийн стандартад нийцсэн байртай анхны сургууль гэж бараг амтай болгон нь шуугиж байсан цаг саяхан. Гэтэл барилгын ажил, сургуулийн орчин, тохижилтод нь 7.2 тэрбум төгрөг зарцуулсан гэгдэж байсан тус барилга ашиглалтад ороод жил ч болоогүй байхад гадна, дотор хана нь цуурч, зарим өрөөнийх нь хаалганы хажууд ан цав үүссэн талаар эх сурвалжууд мэдээлсэн.

Энэ талаар тус сургуулийн захирал Б.Хоролгараваас тодруулахад, “Зуун айл орчмын газар цэвдэгтэй хэсэгт ордог болохоор байшингийнхаа суурин доор нэлээд устай байгаа. Одоогоор хоёр янзын хагарал үүсээд байна. Нойтон байсан шавар хатахаараа хагарсан. Зүүн талд нэлээд гүн хагарал бий. Энэ нь байшингийн суурийг хоёр янзаар тавьсантай холбоотой. Дулаараад гүний цэвдэг нь гэсэхээр доошоо суулт өгч байна. Бид барилгын ажлыг гүйцэтгэсэн “Алтанбулаг трейд” компанид мэдэгдсэн. Тус компанийнхан ирэх сарын 1-10-ны хооронд засварлаж өгөхөөр болсон. Уг нь анх барилга хүлээлгэж өгөхдөө есөн баллын газар хөдлөлтөд тэсвэртэй, 60 жилийн баталгаатай гэж хэлж байсан” гэсэн юм. Гэтэл ашиглалтад ороод ганц ч жил болоогүй хэрнээ ямар ч газар хөдлөлт болоогүй байхад, гадна, дотор хана нь цуурч, зарим өрөөнийх нь хаалганы хажууд ан цав үүсч маш богинохон хугацаанд чанар нь харагдчихлаа.

Хугацаанаасаа өмнө өөрсдийнхөө хөрөнгөөр яаравчлан барьж дуусгасан “Алтанбулаг трейд” компанийнхан улсын төсвөөс мөнгийг нь шийдэж өгөхгүй болохоор өөрсдийнхөө мөнгөнд тааруулаад хямдхан материалаар “халтуурдчихав уу”. Эсвэл үнэхээр барилга барьсан газараа цэвдэгтэй гэдгийг нь мэдэхгүй дээ ийн алдаа гаргав уу. Жил хүрэлгүй цууралт өгч байгаа дэлхийн стандартад нийцүүлэн барьсан гэх тодотголтой анхны сургууль маань хэзээ нурж, хэдэн хүүхдийн амь насыг эрсдэлд оруулахыг хэлж мэдэхгүй юм.

www.zaluu.com