МУИС-ийн Бизнесийн сургуулийн багш, доктор, зөвлөх профессор Лувсандоржийн Оюунтай ярилцлаа.
-Танаас зээл гэсэн ерөнхий ойлголтын талаар асуумаар байна. Зээл гэж чухам юу вэ?
-Зээл гэдэг бол банкны нэг бүтээгдэхүүн. Орлого олдог гол бүтээгдэхүүн гэж ойлгоорой. Системийн хэмжээнд банкны нийт активын 60 гаруй хувь нь зээл байдаг. Зээл нэг талаасаа банкны орлого олдог хамгийн чухал бүтээгдэхүүн боловч нөгөө талдаа аж ахуйн нэгж болон зээлдэгчдийн үйл ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх эх үүсвэр болдог. Зээлгүйгээр өргөжилт, тэлэлт байхгүй гэсэн үг. Аж ахуйн нэгж аливаа нэг ашигтай төслийг амьдралд хэрэгжүүлэхийн тулд санхүүжилт авдаг. Энэхүү санхүүжилтгүйгээр зээлдэгч нь хувь хүн ч бай аж ахуйн нэгж ч бай өөрийн ашигтай төслөө санхүүжүүлж чадахгүй гэсэн үг.
Банкны зээл нь санхүүжилтийн хэлбэрүүдээс хамгийн түгээмэл, хүртээмжтэй эх үүсвэр болж байдгаараа онцлогтой. Энэ их чухал. Жаахан тайлбарлая. Үйл ажиллагааны санхүүжилтийн үндсэн дөрвөн хэлбэр байна. Үүнд: (i) эцэг, эх, найз нөхөд, ойр тодны хүмүүсийн тусламж, (ii) зээлдэгчийн хуримтлуулсан ашиг, (iii) төсвийн санхүүжилт, (iv) банкны зээл гэж.
Банкны зээлээс бусад нь хязгаарлагдмал, бүх хүнд хүртээмжтэй биш. Жишээ нь хүн бүрийн эцэг эх, ах дүү, ойр дотнынхон мөнгөтэй байдаггүй учраас энэ төрлийн санхүүжилтийн эх үүсвэр ч хязгаарлагдмал юм. Мөн хувь хүний хувьд хадгаламжаа, аж ахуйн нэгжийн хувьд хуримтлуулсан ашгаараа төсөлд хэрэгтэй мөнгийг бий болгоно гэвэл цаг алддаг. Учир нь ашиг, орлогоо хуримтлуулан байж хөрөнгө оруулалт хийх үед тэрхүү бизнесийн санааг нь өөр нэгэн этгээд өрсөж хэрэгжүүлээд ашгийг нь хүртсэн байх талтай. Зах зээлийн тогтолцоонд цаг алдвал ашиг алддаг замтай. Олон улсын ч бай, улсын ч бай төсвийн санхүүжилт тодорхой зориулалттай байх ба энэ нь тэр чиглэлийн үйл ажиллагаа эрхэлдэг хүмүүст л боломжтой. Иймээс хүн бүрт хүртээлгүй, хэн бүхэн хэрэглэх боломжгүй санхүүжилт байдаг. Харин банкны зээл нь бүхий л төрлийн үйл ажиллагаанд зориулагддаг тул санхүүжилтийн хэлбэрүүдээс хамгийн түгээмэл, хүртээмжтэй эх үүсвэр гэж нэрлэгддэг юм.
Зээл нь бүтээгдэхүүн учир нэг нь худалдаж, нөгөө нь худалдан авна. Тэгвэл энэ бүтээгдэхүүнийг яах гэж худалдан авдаг вэ? гэсэн асуулт гарч ирж байна. Бараг дээр хариулчихсандаа. Үйл ажиллагаагаа өргөтгөн тэлэх, орлого олох, орлогоо нэмэгдүүлэх гэж худалдан авдаг.
-Зээлийг өр гэж манайхан хардаг. Таны хувьд зээл болгон өр биш гэж тайлбарладаг шүү дээ. Өр болдог зээл, өр болдоггүй зээл гэж байх нь ээ? Энэ талаар та сайн тайлбарлаж өгөөч ?
-Зээл, өр хоёр бол санхүүгийн өөр өөр харилцааг илэрхийлнэ. Зээл нь бизнесийн өргөжин тэлэх харилцааг илэрхийлдэг. Би дээр тайлбарласан шиг. Харин өр нь зээл хугацаандаа төлөгдөхгүй болох харилцааг илэрхийлнэ. Харилцаа гэхээр хүмүүс тэр бүр сайн ойлгодоггүй. Харилцаа бол харилцаа, өөрөөр хэлбэл зээлтэй холбоотой талуудын хоорондох харилцаа. Зээлтэй үед нэг өөр харилцана, түүнийг төлж чадахгүй үед бас ярих хэлэх зүйлс нь өөр болж харилцана гэсэн үг шүү дээ.
Зээлсэн мөнгөөр орлого бүтээж байвал эргэн төлөлт нь хэвийн тул “зээл” байх ба орлого бүтээхгүй хэрэглээнд зориулаад байвал зээл төлөх эх үүсвэргүй болж “өр” болно.
-Зорилтот бүлэг рүү чиглэсэн дундаж давхаргаа дэмжсэн орон сууцны 8 хувийн зээл байна. Энэ зээлийн хүүг бодлогын хүү, хадгаламжийн хүү зэргээс бага байна гээд байгаа шүү дээ. Ер нь аливаа улс орон иргэдээ орон сууцжуулахдаа бага хүүгээр л санхүүжүүлдэг гэсэн?
-Ипотекийн найман хувийн үүтэй зээлийн зорилтод бүлэг бол дундаж давхарга, залуу гэр бүлийг дэмжсэн зээл гэж би харж байгаа юм. Энэ нь түүний нөхцөлөөс харагдаж байдаг. Тус зээлийн хугацаа нь урт (15-20 жил) байгаа нь урт хугацаанд ажил эрхлэх насныхан – залуучуудад, залуу гэр бүлд зориулагдаж байгааг харуулж байна.
Нэг сонирхолтой судалгаа байдаг. Залуу гэр бүл салалтын нэг гол шалтгаан нь тэд хэн нэгнийхээ эцэг эхтэй хамт амьдарсных гэсэн дүгнэлттэй. Энэ ноцтой шалтгааныг арилгахад тэдний орон байрны асуудлыг бодлого боловсруулах түвшинд маргаангүй шийдэх ёстой юм. Орон сууцны зээлийн нэг зорилго нь дээрх асуудлуудыг шийдвэрлэхэд чиглэгдсэн байна гэж би харж байгаа.
Энэ зээлийн хүү нь бодлогын хүүнээс бага байгаа нь засгийн газрын бодлогоор хэрэгжүүлж байгаа нь харагдаж байгаа. Өөрөөр хэлбэл, залуучуудын болон иргэдийн амьдрах орчныг дээшлүүлэх нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд чиглэгдэж байгаа юм. Ипотекийн зээлийн хүү ийм байгаа нэг шалтгаан нь иргэдийн хадгаламжаар бус засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрээр санхүүжүүлж байгаатай холбоотой.
Аливаа улс орон иргэдийнхээ орон сууцны асуудлыг шийдвэрлэхэд олон туршлага хуримтлуулсан байдаг. Жишээ нь Сингапур Азийн бар орон болоход хоёр л асуудлыг шийдвэрлэсэн байдаг. Нэг нь иргэдийнхээ орон сууцны хангамжийг шийдвэрлэсэн бол нөгөө асуудал нь боловсролын салбарыг онцгой дэмжсэн байдаг. Сингапурт орон сууцны зээлийн эргэн төлөлтийн тодорхой хувийг иргэддээ буцааж өгсөн байдаг. Үүгээр дамжуулан зээлийн чанарыг сайн байлгасан хэрнээ орон сууцжуулах асуудлыг иж бүрэн, цогцоор шийдвэрлэсэн байх юм билээ.
Саяханаас олгож эхэлсэн ипотекийн таван хувийн зээлийн зориулалт нь хотын төвлөрлийг сааруулах, гэр хорооллыг орон сууцжуулах, хотын утаа, хөрсний бохирдлыг бууруулахын зэрэгцээ орон нутгийн нийгэм эдийн засгийн асуудлыг шийдвэрлэхэд давхар чиглэгдэж байна гэж ойлгосон.
Зээл бүр нийгэм эдийн засгийн нэг асуудлыг шийдвэрлэж байх ёстой. Орон сууцны зээлээр шийдвэрлэдэг нийгэм эдийн засгийн асуудал нь иргэдийнхээ ая тухтай амьдрах орчныг сайжруулах, тэдний санхүүгийн сахилга батыг дээшлүүлэхэд оршино.
-Арилжааны зээл, хэрэглээний зээл, хөнгөлөлттэй зээлийн ялгааны талаар асуумаар байна. Хүмүүс хадгаламжийн хүү 16 байхад бусад зээлийн хүү түүнээс бага байж болохгүй гээд тайлбарлаад байна л даа?
-Арилжааны зээл гэдэг нь худалдааны зээл гэж нэрлэгддэг. Энэ зээлийн зориулалт нь барааг бөөнөөр аваад бөөнөөр зарах, эсвэл барааг бөөнөөр аваад жижиглэнгээр борлуулахад зориулагддаг. Гадаад улсаас тухайлбал, Эрээн хотоос манайхан барааг бөөндөж авахад зориулж олгодог зээл гэж ойлгож болно. Дотооддоо ч үйлдвэрийн газруудаас ийм зээлээр бараа худалдан авч болно. Энэ зээлийн онцлог нь богино хугацаатай, харьцангуй өндөр хүүтэй байдаг. Ийм зээл борлуулалтыг дэмждэгээрээ үйлдвэрлэлийг дэмждэг ч импортын барааг их хэмжээгээр энэ зээлээр авбал дотоодын үйлдвэрлэлийг бууруулах аюултай.
Хэрэглээний зээл нь өндөр үнэтэй, удаан эдэлгээтэй эд зүйлсийг худалдан авахад зориулагддаг ба орлого бүтээдэггүй зээл. Энгийнээр хэлбэл, хэрэглээний зээл бол хүмүүсийн санхүүгийн боловсрол муу байгааг харуулдаг зээл. Үүний нэг тайлбар нь хэрэглээний зээл нь худалдан авч байгаа телевизор, компьютер, тавилга, авто машин, угаалгын машин гэхчлэн хэрэглээний зүйлсийн үнийг сайн дураараа буюу өөрийн санаачлагаар нэмэгдүүлж байгаагаараа хүмүүсийн санхүүгийн боловсрол дутмаг байгааг харуулдаг. Тэгэхдээ би хэрэглээг эсэргүүцээгүй. Хэрэглээгээр дамжуулан үйлдвэрлэлийг хөгжүүлдэг. Хэрэглэхгүй юм бол үйлдвэрлэл эрхлээд яах юм бэ? Зөвхөн хэрэглээгээ зээлээр хангадаг нь л буруу гэж хэлэх гэсэн юм. Монголчууд маань “хөнжлийнхөө хирээр хөлөө жий” гэж сургасан нь энэ зээлтэй холбоотой болов уу.
Хөнгөлөлттэй зээл ихэнхдээ засгийн газрын бодлогын зээл байдаг. Засгийн газраас аль нэг салбарыг хөгжүүлэхийн тулд тэр салбарт зориуд хүү багатай зээл олгож дэмждэг. Энэ зээлээс тухайн үед хүүний алдагдалд орж болно. Засгийн газар үүнийг хариуцдаг. Дараа нь урт хугацаандаа тэрхүү дэмжүүлсэн салбар эдийн засагт өгөөжөө өгдөг. Манайд газар тариаланг дэмжих ийм зээл олгож байсан. Хүүний зөрүүг нь засгийн газар банкинд өгч байсан. Үр дүнд бид үр тарианыхаа дотоодын хэрэгцээг хангаад экспортлох боломж бүрдүүлсэн байдаг.
-Инфляц буурсан нь зээлийн хүү буурах үндсэн нөхцөлийг бүрдүүллээ гээд байгаа. Инфляц, бодлогын хүү, зээлийн хүү, хадгаламжийн хүүний харилцан хамаарлыг та тайлбарлаж өгнө үү?
Тайлбарлахад амархан. Зээлийн хүү нь эх үүсвэрийн зардлаа жишээлбэл хадгаламжийн хүүгээ нөхөх хэмжээнд байхаар тогтоогдох ёстой. Мөн банк нь ашгийн төлөө бизнесийн байгууллага учраас зээлийн хүүд тухайн зээлээр олох ашиг, үйл ажиллагааны зардал тусгагдах ёстой.
Тэрчлэн зээлийн хүүд инфляц багтаж байдаг. Инфляц буурахад зээлийн хүү буурах ёстой. Бодлогын хүү нь хадгаламж, зээлийн хүүний хандлагыг тодорхойлдог суурь хүү байдаг. Одоогийн байдлаар бодлогын хүү, инфляц буурч байгаа тул зээлийн хүү буурах хандлагатай байна. Хандлагатай байна гэдэг нь зарим нэг зээлийн хүү буураад эхэлснийг хэлж байгаа юм. Тухайлбал, малчны үйлдвэрлэлийн зээл жилийн 10 хувийн хүүтэй болж буурлаа. Сарын хүү нь 0.83 хувь боллоо. Энэ зээлийн эх үүсвэр нь жилийн гурван хувь, сарын 0.25 хувь юм. Бүх зээлийн хүү зэрэг буурна гэж байхгүй. Аажимдаа бүх зээлийн хүү буурна гэсэн үг.
-Малчны зээлээр тодруулж асуумаар байна. Малчны зээлээр дамжуулж баялаг бүтээгч малчинг дэмжиж байгаа нь малчин өрхийг халамжит бус дундаж давхарга гэж харилцах хэрэгтэй мэт. Та малчны зээлийн асуудлаар ярьж байсан?
Тийм. Малчны зээл бол зөвхөн малчны зээл биш гэж би хэлсэн. Учир нь энэ зээл бол малчны бизнесийг дэмжих зээл. Малчны хэрэглээний зээлийн хүү 18 хувь болсон. Малчны бизнесийг дэмжсэнээр мал аж ахуй хөгжинө. Энэ нь мал аж ахуйн гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрт нөөц бий болгоно. Үндэсний үйлдвэрийг хөгжихөд шууд нөлөөлнө. Энэ их чухал. Нөгөө талаар, мал аж ахуй хөгжсөнөөр хүн амын хүнсний асуудал ч шийдвэрлэгдэж эхэлнэ. Мал аж ахуйн даатгал, мал эмнэлэг зэрэг салбарууд ч хөгжинө. Энэ бүгдээс харахад малчны зээл нь зөвхөн малчныг дэмжих, мал аж ахуйг хөгжүүлэх зээл биш гэдэг нь харагдаж байна.
-Оюутны зээл жилийн таван хувь гэж байна бас?
-Боловсролын сайд Л.Гантөмөр “Оюутны зээл” гаргана гэж ярьж байсан. Энэ үнэхээр сайшаалтай. Хариуцлагатай иргэд бэлтгэх эхлэл тавигдлаа. Баяртай байна.
Энэ маш чухал зээл. Зээлийн чухал, чухал биш нь тэрхүү зээлээр шийдвэрлэгдэж байгаа нийгэм эдийн засгийн асуудлаар хэмжигддэг. Оюутны зээлээр дамжуулан нийгэм эдийн засгийн ямар асуудал шийдвэрлэгдэх вэ гэдэг талаас нь тайлбарлая. Сургалтын төлбөрт зориулсан зээл нь залуучуудыг сургалтын төлбөрөө өөрөө төлөх, хариуцах боломж олгож байгаагаар тайлбарлагдана. Оюутны зээлээр хариуцлагатай иргэн бэлтгэгддэг.
Эцэг эхчүүд цалингийн зээл, тэтгэврийн зээл авч хүүхдийнхээ сургалтын төлбөрийг хийдэг нь судалгаагаар гарсан. Сургалтын төлбөрийг оюутан өөрөө зээл авч төлснөөр тэд зээлээ төлөхийн тулд ажилд хурдан орж, орлого олох эрмэлзэлтэй болдог. Энэ нь сурлагадаа илүү анхааралтай, хариуцлагатай хандах хандлагын бий болгоно. Эцэг эхээрээ, ах дүүгээрээ сургалтын төлбөрөө төлүүлж байгаа үед бэлэнчлэх сэтгэлгээтэй болох, төр засаг, иргэдээс ямар нэг юм нэхсэн, шаардсан хүмүүс болж хүмүүжих магадлал илүү их болно. Эхнээсээ өөртөө хариуцлагатай хандаж сурсан хүн ажил эрхлэхдээ ч хариуцлагатай ханддаг зуршилтай болдог шүү дээ. Эцсийн дүндээ “оюутны зээл” нь Монголд хариуцлагатай иргэн бэлтгэнэ.
Оюутны зээл нь олон улсад бас нэлээд хэдэн төрөлтэй. Тухайлбал, сургалтын төлбөрийн, боловсролын гэх мэт. Эдгээрийн зориулалт нь бас өөр өөр. Сургалтын төлбөрийн зээлийн зориулалт бол ойлгомжтой. Боловсролын зээлийн зориулалт нь бол сурах орчныг бүрдүүлэхэд чиглэгддэг бөгөөд суралцангуутаа амьдрах орон байр зэрэг хэрэгцээг хангахад чиглэгддэг юм билээ.
Бид 1998 онд АНУ-ын Мексикийн технологийн сургуулийн нэг сарын сургалтад суух үеэр анх удаа оюутны зээлтэй танилцаж байсан. Тус сургуульд оюутнууд элсэн орох тухай захирлын тушаалтай хамт банкнаас зээл авах эрх нь оюутнуудад нээгддэг юм билээ. Их дээд сургуульд суралцаж байгаа оюутан, залуучууд өөрөө өөрсдийгөө л хариуцна гэдэг зүгээр л энгийн зүйл. Манайхан шиг хүүхдүүдээ насан туршид нь хариуцах гээд байх сэтгэлгээ хаа хаанаа байхгүй нь харагдсан.
Оюутны зээлтэй холбоотой судалгааг 5 удаа, хэд хэдэн жилийн давтамжтайгаар хийсэн байдаг. Сонирхолтой нь үр дүн нь адил гардаг юм. Энэ жил “оюутны сургалтын төлбөрийн” зээлийн судалгааг гурван бүлэг хүмүүсээс асуулгын аргаар хийж үр дүнг нь боловсруулж ирсэн. Нэгт, оюутнуудаас “сургалтын төлбөрийг хэн төлдөг вэ?” гээд хоёрт, сургууль төгссөн хүмүүсээс “хэзээ эцэг эхчүүд маань жаргах вэ?” гээд гуравт, эцэг эхчүүдээс “хэзээ хүүхдүүд нь санхүүгийн хувьд биеэ даах вэ?” гэдэг чиглэлээр судалгаа хийлээ.
Манайд өнөөдөр банканд ийм оюутны зээлийн бүтээгдэхүүн байхгүй гэж хэлж болно. Зарим банкинд нэр төдий бий. Хэн ч мэддэггүй, авдаггүй. Учир нь тэдгээрийн нөхцөл нь амьдралд буюу бодит шаардлагад нийцдэггүй. Банкны зээлийн нөхцөл их чухал. Хэмжээ, хугацаа, хүү, эргэн төлөх хуваарь нь шаардлагад нийцэх ёстой л доо. Өөрөөр хэлбэл, дөрвөн жил суралцаж байна гэхэд жил бүр зээл авах боломжтой байх, ажил дээр гараад анхны цалингаасаа төлж эхэлдэг байх гэх мэт нөхцөлтэй байх ёстой юм.
Зөвхөн зээл гаргаад зогсохгүй, түүнийг дэмжсэн олон бодлого хэрэгжүүлэх ёстой байдаг. Тухайлбал, оюунуудын ажлын байрны асуудал, сайн дурын хөдөлмөр эрхлэлтийн харилцаа гэх мэт. Герман улсад оюутнууд зуны цагаар ажил хийх боломжийг бүрдүүлж, оюутан ажлуулсан компанийг татвараар хөнгөлдөг байх жишээ бий. Австралид суралцагсад ялангуяа магистрт суралцагсдын нас 30 дөхсөн байдаг юм билээ. Учир нь тэд суралцах хүртлээ ажил хийж, сургалтын төлбөрөө цуглуулахаас гадна, “өөрийгөө олдог” гэсэн. Манайхан болохоор дунд сургууль төгссөнгүйтэй их дээд сургуульд сурдаг нь асуудал байгаа биз? Энэ мэтээр яриад байвал олон зүйл байна.
-Тэтгэврийн зээлийн асуудал дээр та хатуу байр суурьтай байдаг. Учир нь үүний ард гэр бүлийн хүчирхийлэл нуугдаж байж болзошгүй талаар саналаа илэрхийлж байсан удаатай. Тиймээс тэтгэврийн зээлийн хүү бууруулах биш бүр тэтгэврийн зээл өгөхөө болих хэрэгтэй гэж ярьж байсан?
-Харин тийм. Санхүүгийн байгууллагуудын бүтээгдэхүүнээр дамжуулаад нийгэм эдийн засгийн аль нэг асуудлыг шийдвэрлэх ёстой. Энэ нь иргэдээ хүмүүжүүлэх, санхүүгийн боловсролтой болгох хамгийн үр дүнтэй арга. Зээлийн нөхцөлөөр дамжуулж асуудлыг шийдвэрлэдэг. Иймээс л миний хувьд зээл бүр нийгэм эдийн засгийн нэг асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй, шийдвэрлэж байна гэж яриад байгаа юм. Жишээ нь оюутны зээлээр дамжуулж хариуцлагатай иргэн бэлтгэнэ, малчны зээлээр дамжуулж мал аж ахуйгаас гадна үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлнэ гэх зэрэг.
Манай банкуудын олгож буй тэтгэврийн зээл нь ахмадуудыг хэдэн сар, жилээр мөнгөний бараа харуулахгүй байна гэж би шүүмжилж, санаа оноогоо илэрхийлж ирсэн.
Бид нэг судалгаа хийсэн. Судалгаагаар тэтгэврийн зээлийн зориулалт, тэр зээлээс хөгшчүүлд ирж буй ашиг, тэтгэврийн зээлтэй байхдаа өдөр тутмын мөнгөний хэрэгцээгээ хэрхэн, ямар мөнгөөр хангаж байгаа зэрэг асуудлуудыг хөндөж тавьсан. Үр дүн нь намайг ингэж тэтгэврийн зээлийг өгөхгүй байх хэрэгтэй юм байна гэж дүгнэхэд хүргэж байна.
Манайхны тэтгэврийн зээлийн зориулалт нь сургалтын төлбөр, ойр зуурын хэрэглээг хангах, машин авах гэх мэт байсан. Тэтгэврийн гол зориулалт бол амьжиргааны наад захын хэрэгцээг нь хангах юм. Судалгаанд оролцсон ахмадууд эм тариа, автобусны мөнгө, ач зээ нартаа чихэр, жимс, тоглоом гээд багахан зүйлс авч өгөх гэх зэрэгт хэрэглэмээр байна гэж хариулсан байсан. Судалгааны дүнг бүхэлд нь дүгнэхэд энэ нь тэтгэвэрийнхнийг эмзэг, санхүүгийн баталгаагүй болгож байна гэж үзэж болно.
Тэтгэврийн зээл нь гэр бүлийн нийтийн хэрэгцээнд зориулагдаж байгаа нь тодорхой гарсан. Ямар ч байсан хөрөнгө оруулалт бол биш. Ямар ч байсан нийтийн хэрэглээнд л энэ зээл зориулагддаг болох нь тогтоогдсон. Тэтгэврийн зээлээр амьдарч байгаа айлууд ч байна. Хөгшчүүлээрээ тэжээлгэдэг залуучууд ч байна. Урьд авсан зээл нь тэтгэврээр нь төлөгдөөд дуусахад дараагийн зээлийг нь авч байна. Тиймээс л тэтгэврийн зээлийн ард тодорхой хэмжээний “хүчирхийлэл” байна гэж хэлээд байгаа юм.
Иймээс л түүнийг ер өгмөөргүй байна гэж хэлээд байгаа юм. Тэгсэн зарим хөгшчүүл миний энэ санааг эсэргүүцсэн шүү. Тэд “үр хүүхдэдээ туслалгүй яах вэ? юугаар боломжтой байна, түүгээрээ тусалж ирсэн шүү дээ” гэсэн санаа гаргаж байсан. Тийм шүү. Бид чинь үр хүүхдийнхээ төлөө л амьдралаа зориулж байдаг ард түмэн. Гэхдээ л ...
Бид судалгааныхаа үр дүн дээр үндэслэн тэтгэврийн зээл өгвөл бусад зээлтэй адил орлогынх нь 45 хувиар зээл төлөх нөхцөл санал дэвшүүлж байгаа. Ингэвэл тэтгэвэрийнх нь 55 хувь нь сар бүр гарт ирэх юм даа. Ер нь дийлэнхи оронд “тэтгэврийн зээл” гэдэг бүтээгдэхүүн банкинд байдаггүй юм байна лээ.
Б.ХОНГОР
www.news.mn