МСНЭ-ийн УЗ-ийн гишүүн, Цахим мэдээллийн мэргэжлийн төвийн дарга Ж.Жаргалсайханаар ахлуулсан 23 сэтгүүлч “Хятад Монголын цахим шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн хамтын ажиллагааны анхдугаар уулзалт ярилцлагад оролцож явах далимаараа Өвөр Монголын Хөх хотноо байрлах “Мэн Ниү” буюу бидний мэдэх "Monmilk" сүүний үйлдвэрээр зочиллоо.
Сүүлийн үед БНХАУ-ын өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй эдийн засгийн өсөлт дэлхийн улсуудын анхаарлыг ихээхэн татаж байгаа.
Харин хурдацтай урагшилж буй Хятадын эдийн засгийн өсөлтийг түргэтгэгч нэгжийн эхний аравт Өвөрмонголын өөртөө засах орны аж үйлдвэрлэл ихээхэн түлхэц болсон нь Хөх хот, Ордос зэрэг хотуудын томоохон үйлдвэрлэлийн үйл явцаас харагдана.
Аялагч жуулчдын хөл тасрахаа байсан Хөх хотод ирсэн хүн бүрийн заавал зочилж гарах газруудын нэг яахын аргагүй ““Мэн Ниү” буюу "Monmilk" сүүний үйлдвэр юм.
"Monmilk" сүүний үйлдвэрийн үүдээр оронгуут л гайхалтай найрсаг хамт олон таныг угтан авахын зэрэгцээ үлгэрийн гэмээр орчин таныг угтан авах болно.









Томчууд бид гайхсандаа уулга алдаж байхад бяцхан үрс бол яаж гайхширч хөөрцөглөх нь тодорхой биз ээ.
Ингээд үйлдвэртэй танилцах хүн бүрд гутлын гадуур углах алаг өнгөтэй даавуун улавч өмсгөн, ариун цэврийг сахиулснаар аялал эхэлнэ.

Ижил өнгөтэй улавч өмсөцгөөсөн бид шинэхэн гоёлоо харуулсан патиараа татуулан, саваагүй нэгэн нь үзмэрийн үнээнүүдийн мөөмнөөс татаж үзсэн шиг хэсэг саатсаны дараа үйлдвэрийн явцтай танилцахаар цааш хөдөллөө.
Хөтөч тайлбарлагчид анх энэ үйлдвэр байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийн өндөрлөгт хүрсэн бүхий л түүхийг тайлбарлан үйлдвэрээ танилцуулж эхэлнэ.


Хамгийн гол нь энэхүү аялал хүн бүрт нээлттэй, үнэ төлбөргүй гэдгээрээ онцлогтой. Биднийг үйлдвэртэй танилцаж явахад маш олон хүн танилцах аялалд хамрагдаж байгаа харагдсан.
_700_700.jpg)



Үйлдвэрийн нэгдүгээр давхарт сүүний аж ахуйтай холбоотой сонирхол татахуйц үзмэрүүдийг байрлуулан, үйлдвэр үүсэн байгуулагдсан цагаас хойшхи бүх л түүхээ музейн үзмэр болгон тавьж, үйлдвэрийн дамжлага, үйл явцыг хэрэглэгчдэдээ нэгд нэгэнгүй үзүүлж шилэн цонхоор дээрээс нь харахаар шийдэж өгсөн нь өвөрмөц байлаа.





"Monmilk" сүүг үйлдвэрлэдэг дэлхийд алдартай тус үйлдвэр нь 1998 онд байгуулагдаж, 1999 оноос маш жижигхэн талбайтай өрөөнд сүүний үйлдвэрээ эхэлж байсан бол өдгөө дэлхийн нийт хүн амын сүүний хэрэглээний 4 литр тутмын 1 литрийг нь дангаараа хангадаг, 18 дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа “Мега үйлдвэр” болж чадсан нь бахархмаар байсан.

Энэ зурган дээрх байшингийн хамгийн доод давхарын 30 м.кв талбайтай өрөөнд сүүгээ үйлдвэрлэж байжээ
"Мен ниу" групп нь Хятад улсын сүү, сүүн бүтээгдэхүүний 60 орчим хувийг дангаараа нийлүүлдэг том компани юм. Нийт 37 салбар үйлдвэртэй гэсэн.

Бидний үзсэн энэ үйлдвэр хоногт 2000 тонн сүү боловсруулах хүчин чадалтай бөгөөд биднийг зочлох явцад

20 тонны даацтай сүүний машинууд зогсоо зайгүй ирж, иж бүрэн ариутгах систем бүхий хонгилоор дамжин сүүгээ юүлж байв.
Бидний үзсэн энэхүү сүүний үйлдвэр гэхэд 1 тэрбум юаны хөрөнгө оруулалтаар бүтсэн үйлдвэр гэсэн. Монгол мөнгөөр бол 300 тэрбум төгрөгийн өртөгөөр бүтсэн үйлдвэр бололтой.
Сүүний үйлдвэрийн бүхий л шат дамжлага нь бүрэн автоматжуулагдсан нь хүний хөдөлмөрийг хөнгөвчилсөн төдийгүй хүнээс хамааралтай алдаа гарахаас бүрэн сэргийлсэн үйлдвэр гэдэг нь харагдаж байлаа.


24 автомат шугамтай, 3 ээлжээр ажилладаг үйлдвэр байх агаад сүү хүлээж, авах, хадгалах, боловсруулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, савлах бүхий л шугам нь бүрэн автомат, хамгийн сүүлийн үеийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглогдсон аж. Тийм ч учраас энэ том үйлдвэрт маш цөөхөн хүн ажиллаж байгаа харагдсан.

Харин камерийн хяналтын өрөөнд нэлээд олон хүн сууж байсан нь автомат машинуудынхаа тохиргоон дээр илүүтэй анхаардагтай холбоотой биз.

Тус үйлдвэрийн тухайд технологийн бүхий л шат дамжлагын явцад чанар, стандартын шаардлагад онцгой анхааран, эрүүл, аюулгүй бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд хүргэхийг зорин ажилладаг хэмээн хөтөч нь бидэнд уйгагүй тайлбарлаж байв.
Бид дэлхий дээрх сүү шингээж чаддаг, сүү таардаггүй бүх хүмүүст тохирсон сүү үйлдвэрлэж чадсан гэж бахархалтайгаар танилцуулах "Монмилк" сүүний үйлдвэртэй танилцсан үлгэрийн орныг санагдуулам гайхамшигт аялал маань нэг цаг шахам үргэлжилж, төгсгөлд нь амтат мөхөөлдөс идэн аялалаа өндөрлөлөө.


Аа бас үүдэнд нь байрлах сүүний үйлдвэрээ түшиглэсэн бэлэг дурсгалын зүйлс зардаг дэлгүүрээр нь үйлчлүүлж бяцхан үрсдээ хөөрхөн хөөрхөн бэлэг авсан.

Ийнхүү “Монгол үнээний сүү” хэмээн бүтээгдэхүүнээ дэлхийд сурталчилдаг "Мон Милк" сүүний үйлдвэрээс хийсэн сурвалжлага маань энэ хүрээд өндөрлөж бөайна.
Манай улсын сүүний үйлдвэрүүд бидний сурвалжлагаас санаа авч арга техник, маркетинг менежмэнтээс нь үйлдвэрүүддээ нэвтрүүлбэл бидний сурвалжлагын үнэ цэнэ орших юм.
Ө.Булган 2016-05-08
Top.mn