05.09

Цаг өөр болж, ”цагдаа” уран бүтээлчийг шүүдэг болжээ

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг саяхан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг хууль хяналтын байгууллагыг халаасандаа хийчихсэн хэмээн мэдэгдсэн. Өөрөөр хэлбэл, эрх ашигтай нь зөрчилдсөн болгоныг шударга бусын хонгилоор явуулж, айлган сүрдүүлж байна гэсэн. Эрх баригчид өнгөрсөн хугацаанд нэгнийгээ намнаж, хууль, хяналтын байгууллагаар шалгуулаад байгаа билээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн, охин, ахлах зөвлөх сүүлд нь Ерөнхийлөгчтэй тэрсэлдсэн мэдэгдэл хийсний төлөө Ерөнхий сайд асан өөрөө хүртэл байцаалт өгөхдөө тулсан. Нөгөө талд женко Х.Баттулгын Баянгол зочид буудалд байрладаг компаниудад шалгалт оруулж, багагүй бужигнав. Эрх баригчдын хоорондын тулаан хэнийх нь талд хууль хяналтынхан, хүчний байгууллага байна тэнд өрнөдөг боллоо. Одоо бүр уран бүтээлчдийг үнэнийг хэлснийх нь төлөө цагдаад дууддаг болжээ. Жүжигчин Б.Амарсайхан "Цаг өөр болж, цагдаа эрх мэдэлтнүүдэд үйлчилдэг болж" хэмээн "Би юу хийчих вэ" бичлэгтээ хэлдэг үг бодит байдал дээр биелэлээ олох нь тэр. Үнэхээр ч цаг өөр болжээ. Нийгэм, эдийн засаг, улс төрийн болж бүтэхгүйг уран сайхны аргаар олон түмэнд хүргэснийг төр эргүүлсний дайтай бодож, 15-20 жилийн ял төлөвлөчихөөд сууж байна. Өмгөөлөгч Б.Батбаяр түүнд ийм хэмжээний ял оноох төлөвтэй байна гэсэн мэргэ төлөг шиг ярилцлага хэвлэл мэдээллийнхэнд өгчээ. Түүний гомдлоор Б.Амарсайханыг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэсэгт байцаалт авчээ. Нийгмийн ямар ч цаг үед түүчээлж, үнэний дуу хоолой болж явдаг уран бүтээлчдийг хууль хяналтын байгууллагаар айлгаад байгаа нь ёстой л Амраагийн хэлдгээр "Хуурай газрын ардчилал" гэдэг нь болж байна.

Т.Дүүрэн