05.12

Нара: Би ч одоо ямар уйлалтай нь биш

Сонгуулийн дуулианаар улстөрчдийн нэг хэсэг нь намд орж, нөгөө нь гарч, нэгэн цагт орхиод явсан журмын нөхдөө зарим нь хадаг, мөнгөн аягатай сүүтэй угтаж аваад л. Энэ улстөрийн тогоо халуухан байх чинь ээ. Харин өөрийгөө сойж буй Нара энэ талаар үзэл бодлоо ийн хуваалцжээ.

“Хөөрхий би нам мамгүй юм болохоор энэ улс төр яаж эргэх гээд байгааг үнэндээ мэдэх юм алга. Сураг чимээ, мэдээ, хов яриа сонссоноос төрсөн хардах сэтгэлд бас л ээлжит луйвраа зохиох гээд л үхэлдэцгээж байгаа биз дээ. Би ч одоо ямар уйлалтай биш. Одоохондоо инээгээд л, юу болохыг харзнаад л чадах чадахгүй зүйл дээрээ дуу хоолой болоод зарим нэг улстөрчдийн дургүйг хүргээд л байж байхаас даа. Хэрвээ намаас нэр дэвшиж байж төлөөлөх гээд байгаа төлөөллөө төлөөлж чадна гэж бодвол намд сонгогдох бус харин намыг өөрийн итгэл үнэмшил, үзэл баримтлал, зүрх сэтгэлээрээ л сонгох ёстой болов уу гэхээс өнөө маргаашийн боломж харж санал тавьсан намд сонгогдоно гэдэг энэ замаар зөв биш буруу явахын цондон болох болов уу!!!

Зарим хүмүүс тэр нам мөнгөтэй байгаа, тэр намд чам шиг залуус байна, эсвэл тэр нам зүгээр гэж их л зөвлөж байна. Гэвч миний хувьд намыг одоогийн эрх ашиг бодож сонгох юм бол ирээдүйд эрх ашгийн төлөө шийдвэр гаргадаг өнөөгийн зарим нэг улстөрчдийн замаар орох нь тодорхой учраас намыг гишүүн болсон ч, болоогүй ч тэр намын үзэл баритлал, бодлого, үйл ажиллагаа миний сэтгэлд байгаа хүсэл, зориг, мөрөөдөлтэй яг цав биш ч тодорхой хэмжээнд нийцдэг. Энэ нийцлээр л намыг өөрөө сонгож гишүүн нь болох ёстой болохоос өнөөгийн нөхцөл байдалд ашигтай гэж бодож сонговол тэгээд буруу замаар будаа тээж, буцахдаа чулуу тээхийн үлгэр болох болов уу даа.  Архаг улстөрчид намайг хумхын чинээ тоохгүй биз дээ. Би юу юм, зүгээр л нэг ард иргэдийн дундаас төрж байгаа зоригт дуу хоолой болохоос ямар сурвалжит дээдсийн охин ч биш, эхнэр ч биш. Мөнгө ч үгүй, чадал ч үгүй. Тийм залгих гээд хүлээлт төрүүлэхүйц хүн биш биз дээ” хэмээжээ.