“Хаган филмс”-ийн дэлгэцийн хоёр дахь бүтээл болох “Муу нүүрт” уран сайхны киноны VIP нээлт өчигдөр “Гэгээнтэн” кино театрт боллоо. Морин хийлийн аялгуун дор эхэлсэг VIP нээлтэд Монголын кино урлагийн акулууд, загварынхны төлөөлөл, мөн “Муу нүүрт” киноны уран бүтээлчид оролцсон юм. Өнөөдөр албан ёсны нээлтээ “Тэнгис” кино театрт хийх тус бүтээлийн VIP нээлт гэдэг утгаараа VIP зочдоор дүүрэн байлаа. Киноны ерөнхий найруулагчаар залуу найруулагч Э.Оргил ажилласан бол Д.Ундраа зохиолыг нь бичиж продюсерлэжээ. Гол дүрүүдийг жүжигчин О.Тэмүүжин, О.Долгор, Р.Баттогтох, Анхбаяр нар бүтээсэн байна. Киноны хөгжмийг “Аадар” хамтлагийн дуучин С.Алтанзавъяа бичиж, дууны найруулагчаар Мөнх-Оргил ажилласан байна. Ингээд “Муу нүүрт” киноны гол VIP нээлтэд ирсэн зочдын сэтгэгдлийг уншигчдадаа хүргэе.

Жүжигчин: Б.Анхбаяр: Нэлээд хүч шаардсан дүр бүтээлээ
-“Муу нүүрт” кинонд бүтээсэн дүрийнхээ талаар ярьж өгөөч?
-Анх зохиол уншаад миний дүр их таалагдсан. Эхлээд миний дүр Болдоо байсан. Болдоо гээд гол дүрийн бас нэг залуу бий. Дараа жүжигчид хоорондоо ярилцаад дүрийн хуваарилалт явагдаад, найруулагчтайгаа ярилцаж зөвлөлдсөний үндсэн дээр Цогоо гэдэг дүрийг авсан. Ер нь бол энэ кинонд тоглоход миний хувьд өөрт жүжигчин хүнийхээ хувьд нэг шат ахисан дэвшилттэй санагдсан.
-Нэг шат ахисан гэлээ. Цогоогийн дүр танаас хэр ур чадвар шаардав?
-Ер нь нэлээд хүч шавхсан. Эсрэг дүр бүтээнэ гэдэг жүжигчин хүнд нэлээд хүнд үүрэг байдаг.
-Хамтарч тоглосон уран бүтээлчидтэйгээ хэрхэн гар нийлж ажиллав. Ер нь бэрхшээл байв уу?
-Хамтарч ажилласан уран бүтээлчдэдээ үнэхээр сэтгэл хангалуун байна. Урьд нь Тэмка, Долгор, Баттогтох бид дөрөв кинонд хамтарч ажилласан боловч яг энэ кино шиг бүгдээрээ нэг нэг гол дүрийг бүтээгээд харьцаа ихтэй ийм дүр бүтээж ажиллаж байсангүй. Энэ удаа сайхан уран бүтээлд хамтарч ажилласандаа сэтгэл өндөр байна.
-Таны дүр өөрөөс тань хэр ялгаатай вэ?
-Би чинь амьдрал дээрээ эерэг дүр шүү дээ. Тэгэхээр асар их ялгаатай байлгүй яах вэ.
-Хэрвээ амьдрал дээр танд энэ бүтээсэн дүр шиг тань байдал үүсвэл та ямар сонголт хийх байсан бол?
-Манай кинонд “Амьдралд мөнгө бол олдоно. Хүн гэдэг зүйл хэзээ ч олдохгүй” гэж ээжийн хэлсэн үг байдаг. Түүнтэй адилхан мэдээж би хүнийг нь сонгох байсан.
-Үзэгчид киноны хоёрдугаар ангийн хүлээлт байна гэж хэлж байна л даа. Тэгэхээр танай кинонд хоёрдугаар анги гэж байгаа болов уу. Гол дүрүүдийнх нь нэгийн хувьд танд төсөөлөл хэр байна?
-Одоохондоо бол бид тэр талаар ярьсан юм алга. Гэхдээ хийгдэж магадгүй гэж бодож байна.
-Киноны хийц их өвөрмөц санагдлаа. Нэг орчинд байгаа хэрнээ үзэгчдийг уйдаахгүй барина гэдэг хэцүү байх?
-“Хаган филмс”-ийн өөрсдийнх нь арга барил арай өөр өнцгөөс хийе гэсэн санаа бий. Хийцийн хувьд үргэлжилсэн планаар сценүүдийг шийдсэн. Тэр сценийг хийхэд маш их сургуулилт шаардагддаг. Түүн дээр зохион байгуулалт шаардагдсан зураг авалтууд ихтэй байсан.
-Танд анх санал тавихад яаж хүлээж авав?
-Би “Хаган филмс”-тэй анх удаа хамтарч ажиллаж байна. Анх надад санал ирэхэд очиж уулзаад зохиолоо уншихад надад таалагдсан. Тэгээд л найруулагчтайгаа ярилцаад залуу хүмүүс нэгнийгээ таньж ойлголцох ёстой гэдэг үүднээс сайхан танилцаад яриа хөөрөө нийлээд хамтарч ажиллахад гар нийлээд сайхан бүтээлийн ард гарах юм байна гэсэн зөн совин төрсөн. Тэгээд л хамтарч ажилласан даа.

Найруулагч Д.Ганболд: Тийм учраас толгойгоо нэлээд сайн ажиллуулсан кино байна
-Шинэ уран бүтээл төрсөнд уран бүтээлчдэд баяр хүргэе. Ямар ч байсан орчин үеийн кинонуудаас өөр өнгө төрхтэй кино болжээ гэж миний хувьд мэдэрч байна. Өнөөгийн нийгмийн дүр төрх, найз нөхдийн дотоод сэтгэл, дүр төрх, найз ямар байх ёстой юм гэдэг зүйлийг хөндсөн юм болов уу. Дээр нь хийц их сонин байна. Аливаа киног хийхэд найруулагчийн шийдэл, дээр нь хийц гээд олон зүйл байдаг л даа. Найруулагч ийм зураг авалт хийнэ гэж асар их бодож байж авалтуудыг хийдэг байх гэж дотроо боддог. Тийм учраас толгойгоо нэлээд сайн ажиллуулсан кино байна. Ямар ч байсан зүгээр байдаг кинонуудаас арай өөр өнцгөөс олж харж хийсэн юм болов уу гэж бодож байна. Нийт уран бүтээлчдэд амжилт хүсье.

Холимог тулааны урлагийн тулаанч Ж.Нарантунгалаг: Дараагийн ангийг нь хүлээхээр тийм сэтгэгдэлтэй дуусгалаа
-Их өвөрмөц, сонирхолтой кино болсон байна. Киноны явцад одоо яах, одоо яах бол гээд таагдашгүй өөрчлөлт гараад явчихдаг. Үнэхээр их таалагдлаа. Дараагийн ангийг нь хүлээхээр тийм сэтгэгдэлтэй дуусгалаа. Киноны төгсгөлийг таамаглаж болдог доо. Гэтэл “Муу нүүрт” киноны төгсгөлийг ерөөсөө таамаглаж чадсангүй. Төгсгөл нь яах бол гэж бодсоор байгаад л дуусгалаа. Хүн бүрийн дотор байдаг тэр дүрийг маш сонирхолтой гаргасан байна.

МУСТА Г.Золбоот: Их өвөрмөц кино болсон байна
-Кинонд юуны түрүүнд монологи гэдэг юм явдаг. Тэрийг маш зөв сонголттой тааруулж хийсэн сайхан кино байна. Их өвөрмөц болжээ. Урьд нь ийм сонин сэтгэхүйтэй кино үзэж байсангүй. “Муу нүүрт”-д оролцсон бүх уран бүтээлч, арын албанд ажилласан хүмүүст уран бүтээлийн өндөр амжилт хүсье.