Үнгэгдсэн цаас шиг үрчийсэн хар нүүрнээс тэр гэж танихын тэмдэг алга.
-Чи намайг төсөөлөх ч үгүй байна уу? Хэмээн мөнөөх эр гаслантай асуухад, бүсгүйд хүнгэнэсэн сайхан дууны нь өнгө нэг л танил бөгөөд харцанд нь “Даанч дээ” гэсэн гомдол тодрохыг олж харлаа. Бүсгүйн сэтгэлд тэртээх он жилүүдийн зүүд мэт бүдэг бадагхан төсөөлөгдөх эелдэг намуухан салхитай, намрын сэвэлзсэн шөнө зурсхийн орж ирлээ.
Бүсгүй “Чи минь “ гэдэг үгийг дуулдах төдий ч зүрхнийхээ угаас хэлж буйгаа өөрөө ч анзаарсангүй. Тэрхүү чин сэтгэлийн өөриймсөг үгийг дэндүү сайн мэдэрсэн эр “Би л байна шүү дээ” хэмээн уруул нь үл мэдэг чичирч хэлэхдээ хоолой нь сааралтан, оволзох догдлолоо барьж ядан чимээгүй болж, шүүрс алдлаа. Бүсгүй:
-Хорин жил юу гэсэн үг вэ?... хэмээхэд:
-Хорин жилийн өмнөхөөс юу ч үлдээгүй байна уу? Хэмээн түүний бодлыг таасан ч юм уу, ёжлонгуй мушилзан асуулаа.
-Яалаа гэж яалаа гэж… хэмээн сандрангуй хариулсан ч “Чи минь хүдэр чийрэг чинэрсэн бор залуу байсан даа” хэмээн бодож амжлаа.
Хоёул хэсэгхэн чимээгүй суусан нь тэртээх хорин жилийн өмнөхөө тус тусынхаараа дурссан хэрэг.
Юугаа ч мэдэхгүй гэнэн тэнэг хоёр амьтан цагаан элгээрээ нийлж, яаж байгаагаа ч үл ойлголцон, ичиж зовох, эмээх сэрэмжлэхийн хүлээс алдууран, барьж тогтоохын аргагүй их хүсэл санааширлаар бие биедээ уусан орчлонгийн жам ёсны хаалгыг нээсэнсэн.
Хөвгүүн байгалиас заяасан эрэмгий түрэмгий зөнгөөрөө учиргүй озон яргахад охины ариун онгоны гэрэл гэгээ цацарсан булбарай бие залуу эрийн мэдэлд “сул асгарсан” байлаа. Орь залуу хүүгийн зүрх нь ер бусын хүчтэй цохилж, тархинд нь цусан хуй эргэлдэх мэт толгой нь дүйрч, булчин шөрмөс нь гурамсан сур шиг хөвчрөн зангирч, хязгааргүй хүсэл туйлдаа хүрэхийн цагт зандан бие задарч, тэсэхүйеэ бэрх зовлонгийн дараахи жаргалыг амсаж билээ.
Тэр цагаас хойш бүсгүй хүнтэй учрах бүрийд нялх сэтгэлээ хуваалцаж, эр хүн болсноо өөрийн эрхгүй дурсан санадагсан. Санах бүр хиргүй сэтгэлээр учирсан бүсгүйгээ үгүйлэн хаврын тэнгэр шиг амьдралд унаж босож явахад нь түшихдээ түшиж, түлхэхдээ түлхэж явсан хүүхнүүдийн дүр бүдгэрдгийг барин тавин ухаарч л явсан даа.
Олон хүүхэнтэй нөхцөж, үргэлжийн цэнгэлээр нисэж явсан идэр залуу насанд нь ч ганцхан хүн л өрцнийх нь цаана хөндүүрлэн үгүйлэгддэг байсныг хэлэх юун. Эдүгээ сэтгэлээс нь мартагдсан зүүд шиг замхран арилсан бүсгүйчүүдтэй улангасан умбаж, булингартаж явахдаа өвөр хоосолсон ганцаардлын бүүр түүрхэн зовуир эр биеийнх нь чалх чансааг чимх чимхээр сорж байгааг ухаарсан ч үгүй өдий хүрчээ. Нэг л өдөр амьдралын үнэнд нүдээ чичлүүлэх юм гэж хэн саналаа.
Х х х
Гэгээн өглөө шиг гэнэт гараад ирсэн анхны хайртынхаа барааг хараад арван долоон насандаа эргэж очиж хүсэл бадарч, магнайгаа хагартал баярлан, тэхдээ бүр анх учирсан шигээ хайртай өөрт нь хайртай байгааг, өчнөөн жил мөрөөдөн гансарч явсаны нь мэдрэх тусам бүр ч мансууран хөөрч байлаа.
Хоёул тогтоож чадахгүй хүсэлдээ хөтлөгдөн хотоос зайдуухан ойн цоорхой дахь зуслангийн байшинд очсон юм.
Бүсгүйн хорин жил үгүйлсэн жаргалаа нэхэж, уйлж, дуулж, учирлаж, инээж, бүх бие нь халуу шатаж ухаангүй шунаглан хайрлах жолоогүй тачъяалын амттайг яанав.
Өөрийг нь хэн нэгэн бүсгүй хүн тэгтлээ их хүсэмжилж явсан чинээ гадарлаа ч үгүй юм уу. Тэр эрд галзуурсан таяъалд автахын түймэр ассан ч залуу насны нь хурц мэдрэмж ор мөргүй арилан одсоныг голоо горойтол ухаарч, хашгичин үйхрэх харуусал цээжинд нь багтарна.
-Ядаж ганц удаа ч… хэмээн царайчлан гуйх мэт, хорин жилийн хагсрал, бэтгэрлийн цангаагаа тайлах гэж анх л охин биеийг нь хөндөж асан шөрмөслөг биений эрч хүч, багтаж ядсан өөг, нялхарч хэнзэрсэн хайраг нэхэн цовхчих зүрх, халуу шатсан бие, шунаг зөөлөн ураал, байж ядахдаа чичирхийлэх махлаг гуяыг яалтай ч билээ.
Бардамнан гайхуулж асан түүний гал шиг халуун, чулуу шиг чанга “эр заяа” далавчаа тасдуулсан бүргэд мэт хөсөр сөгджээ.
Бүсгүйг үүр шөнөөр нойрондоо дийлсэн дугхийхий нь чимээгүй сонсон, зөөлөн булбарай цээжийг энхрийлэн тэвэрч, халуун янаг явсан үеэ тарчлан дурсаж хэвтлээ.
Өглөө нь бүсгүй түүний харж ядан халгах гуниг асгарсан цөхрөнгүй нүдийг өрөвдсөн харцаар ширтэж аснаа “уг нь дөч хүрсэн эр, дөрөө дарсан ат гэдэгсэндээ” хэмээн бодоод энхрий зөөлнөөр удаан үнсээд охин үеийнхээ галбирыг гээгээгүй чилгэр сайхан бие нь гунхалзсаар наран зүг алхан одох нь эр биеий нь басамжлах мэт дэндүү жавхаатай харагджээ.
Модны хожуул дээр өнчин шувуу шиг ганцаар сууж хоцорсон мөнөөх эрийн хоолой нь зангирч, хамар нь шархиран нас биед хүрч, ухаан суусан цагаасаа эхлэн үргэлж дотогшоо асгарч асан эр хар нулимс анх удаа гадагшаа сад тавьлаа.
Харин түүний сад тавьсан нулимс бүсгүйн цээжний хөндий рүү огшиж, хоолой дээр нь чулуу мэт тээглэн, бүсгүйн эдүгээг хүртэл зөвхөн түүнд л зориулан, бүхий л судсаар нь нар зөв эргэсэн янагийн халуун дөл дахин хэзээ ч бадрахгүй болтлоо унтарч байгааг тэр эр яахин мэдэх билээ дээ.
Ц.Түмэнбаяр