Өнөөдөр монгол хүний эрүүл мэнд ямар үнэ цэнэтэй вэ. Монгол Улс тусгаар тогтнолоо зарласнаас хойш хүн ам 600 мянгаас тав дахин өсч гурван саяд хүрлээ. Хүн амын дундаж наслалт 42 байснаа 67.3 хүрээд байна. Тоон үзүүлэлт өссөн харагдаж байгаа ч эрүүл монгол хүн гэсэн өнцгөөс харахад чамлалттай юм. Бүхнийг зах зээлийн үл үзэгдэх гарт даатгаж орхиж болохгүй гэдгийг одоо л бид ухаарч байна. Эрүүл мэнд, боловсрол зэрэг хүний хөгжилтэй шууд холбоотой нийгмийн салбараа төрийн бодлого зохицуулалтаар шинэчлэн сайжруулж явахгүй бол иргэдийн дунд баян хоосон, боломжтой боломжгүйн ялгаа ихэссээр байна. Энэ ялгаа нийгмийн тогтвортой хөгжилд саад болж, тэгш бус байдал нэмэгдэнэ. Улмаар хагарал үүсгэж тусгаар тогтнолд заналхийлэхийг үгүйсгэхгүй. Өнөөдөр ихэнх монголчууд “Ямар нэгэн эмчлэхэд хүнд өвчин тусах вий” гэсэн түгшүүртэй амьдарч байна. Хэрэв тийм бодит аюултай тулгарах өдөр ирвэл мөнгөтэй нь гадаад руу явж эмчлүүлнэ, мөнгөгүй нь хойд насны буяны ажлаа эхлүүлэх сэтгэлийн тэнхээтэй байхыг шаардсан ийм л эрсдэлтэй нийгэмд бид амьдарч байна. Хүн төвтэй хөгжлийн бодлогын цөм нь ард иргэдийн эрүүл, сэтгэл хангалуун амьдрал гэж тодорхойлдог. Яагаад бид жилдээ нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдаж эрүүл мэндээ хянадаг, өдөр тутмын хүнсэндээ хил гааль болон үйлдвэрлэлийн баталгаатай зүйл хэрэглэдэг, өвчин тусвал түүнийгээ баталгаатай оношлуулж, эмчлүүлэх боломж бүхий итгэлтэй эрүүл мэндийн тогтолцоотой нийгмийг байгуулж чадахгүй байна вэ. Төрөөс оновчтой бөгөөд шийдэмгий алхам хийвэл, мөн эрх баригчдад “эх оронч сэтгэл” байвал үүнийг хийх суурь боломж Монгол Улсад бий. Өнөөдөр манай улсад 1000 хүнд ногдох эмч боловсон хүчний тоо 2.8 хүн байгаа. Энэ нь Монгол Улс Англитай яг адилхан буюу АНУ, Япон, Солонгосоос илүү үзүүлэлттэй байна гэсэн үг. Тооны хувьд ийм өндөр үзүүлэлттэй байгаа боловч чанарын хувьд асуудалтай байна. Чанарыг сайжруулахад боловсон хүчний нэгдсэн бодлого, мэргэжлийн ур чадварын стандартыг нэвтрүүлэх, эмчилгээний хяналт хариуцлагын тогтолцоо бий болгох гэх зэргээр төрийн хатуу оролцоо зайлшгүй үгүйлэгдэж байна. Иргэдийнхээ эрүүл мэндийг хувийн хэвшил болон салбарын мэргэжилтнүүдэд нь даатгаад орхидог ардчилсан хөгжилтэй орон дэлхий дээр нэг ч байхгүй. Монголд 1000 хүн амд ногдох их эмчийн тоо өндөр мөртлөө сувилагч, асрагч нарын тоо бусал орноос илт бага байдаг бөгөөд эрүүл мэндийн үйлчилгээний хүртээмж хот хөдөөд жигд бус байгаа нь энэ салбарт төрийн бодлогогүй явж ирсний л балаг. Үүний үр дүнд иргэд эрүүл мэндээрээ хохирч байна. Уг нь гурван сая хүний нэг байх нь, 30 сая хүний нэг байхаас хамаагүй өндөр үнэ цэнэтэй, омогших үзүүлэлт юм. Эрүүл мэндийн эрсдэлийг бууруулах механизм болж чадахгүй байгаа ЭМД- ын сангийн үйл ажиллагааг шилэн болгохоос эхлээд төрийн зүгээс иргэдийн эрүүл мэндийн төлөө хийх ёстой ажил их байна. ДЭМБ-ын мэдээгээр Монгол Улсад эрүүл мэндийн салбарын нийт зардал дахь хувь хүний шууд төлөх төлбөрийн хэмжээ 2013 оны байдлаар 41 хувьд хүрсэн байсан нь маш өндөр үзүүлэлт юм. Энэ хэмжээ жил ирэх тусам өсч байгаа. Уг нь төрийн зөв бодлого явуулж чадвал гурван сая хүнийхээ эрүүл мэндийн даатгалыг ч төрөөс даах боломж бий гэж харж байгаа. Таван сая хүн амтай, газрын тосны арвин баялгаараа дэлхийд алдартай Норвеги улс, олборлосон тосны татвар түрээсийг хуримтлууж баялгийн сан байгуулаад, тэр сангаасаа бусад салбараа санхүүжүүлж, хүний хөгжлийн бодлого явуулж амжилттай байгааг бид мэднэ. Эрдэс баялаг бол хязгаарлагдмал нөөцтэй баялаг ба хэзээ нэгэн цагт дуусах учраас энэ салбараас олсон ашгийг эрүүл чийрэг, боловсрол мэдлэгтэй Монгол хүн бэлтгэхэд, улмаар ирээдүйд Монгол хүний хөгжлөөс олох ашгаа санхүүжүүлэхэд хэрэглэх нь туйлын зөв бодлого юм. Түүнчлэн ард иргэдийн нийтийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн төрийн бодлого үгүйлэгдэж байна. Хоёр яамны хооронд хаягдсан эрүүл мэндийн системийн шинэчлэлийн асуудлууд их байгааг нэмж хэлэх нь илүүц биз. Ийм их эрсдэлтэй эрүүл мэндийн системтэй Монгол Улсаас бусад улс орон руу гарч ажиллаж амьдрахаар залуус тэмүүлж байна. Бид тэднийг буруутгах, эх орондоо ирж Монгол орноо хөгжүүл гэж шаардах ямар ч үндэслэл байхгүй. Хоосон хөндий эх оронч сэтгэл шаардан, тусгаар тогтнолоо хамгаалахыг уриалан дуудаад нэмэргүй. Иргэд нь өвчилбөл эмнэлэгт очоод хэрүүл уруулгүй зөв оношлуулж, хэр баргийн хөлс төлөөд эмчлүүлчихдэг эрүүл мэндийн үйлчилгээтэй байж гэмээ нь тусгаар тогтнол батжиж, иргэд эх орондоо ажиллаж амьдарна. Нэг үеэ бодвол Монголын эдийн засаг тэлсэн. 2012 оны 17 хувийн өсөлт, нэрлэсэн дүнгээр бол дээд тал нь 31 хувийн тэлэлттэй байсан жилүүдийг бид мэднэ. Хөрөнгө оруулалт нь хөрөнгө оруулалтаа дуудаж эдийн засаг тэлж байсан. Гэхдээ энэ үед бодит үр өгөөж нь урт хугацаанд аажмаар илэрдэг эрүул мэнд, хүнсний аюулгуй байдал нийгмийн салбартаа бид дорвитой хөрөнгө оруулалт мөн төрийн зохицуулалт хийж чадсангүй. Түүнийхээ горыг бид одоо амсч байна, цаашид ч байдал дээрдэхгүй болов уу. Өнөөдөр хэн дуртай нь хаанаас ч хамаагүй эм болон хүнс импортолж зардаг болж. Аюулгүй байдлын баталгаа гэж мянга хашгираад нэмэр алга. Энэ хүнсний асуудал дээр утаа нэмэгдээд, эхийн хэвлийд байгаа ургийн эрүүл мэндийг ч хохироож эхэллээ. 2015 оны зарцуулалтын байдлаар ДНБ-ий 2.8 хувьтай байгаа эрүүл мэндийн салбарын зардлын хэмжээг цааашид өсгөх зайлшгүй шаардлагатай. Энэ тоо бусад оронд, жишээлбэл дэлхийн хамгийн том эдийн засагтай АНУ-д ДНБ-ий 16.8, иргэд нь хамгийн өндөр насалдаг Японд 10.2, хүний хөгжлийн индексээр дэлхийд тэргүүлэх байрыг эзэлдэг Норвеги, Дани, Швед зэрэг Скандинавын орнуудад 10.11 хувьтай байдаг. Төр засгийн зүгээс, адаг сүүлдээ иргэ- дийнхээ орлогын төвшин, өдөр тутмын хэрэглээний хэмжээг тодорхойлох су- дал гаа явуулж, нийт иргэдээ амьжир- гааны төвшнөөр нь нийгмийн 20 бүлэгт хувааж эхэлсэн байна. Нийгмийн давх- раа жилтыг өгөөшүүлсэн кастын тог- толцооны эхлэл болох судалгааг төсвийн зардлаар хийхдээ ч, ямар нэгэн эргэлзэх эмзэглэх сэтгэлгүй болтлоо Монголын төр ёс суртахууны хоосролд оржээ. Монголоороо омогшин хүчтэй цохилох гурван сая зүрхний эзэн нь өөрсдөө тусгаар тогтнолын баталгаа билээ.
Стратеги Академийн эрдэмтэн Нарийн бичгийн дарга Доктор Ц.БАЙГАЛМАА