05.17

“Саусгоби сэндс”-ийн өрийн үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэв

Шүүхийн шийдвэрийг үндэслэн “Саусгоби сэндс” ХХК-ийн өр төлбөрийг барагдуулах Сангийн яамны саналыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэлээ. Шүүхээс улсын төсөвт 35,3 тэрбум төгрөг төлүүлэхээр шийдвэрлэсэн бөгөөд “Саусгоби сэндс” компани ногдуулсан нийт төлбөрөөс 15 тэрбум төгрөгийг 2016, 2017 онд тус бүр 7,5 тэрбум төгрөг төлж, үлдэгдэл 20,3 тэрбум төгрөгийн өрийг Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн Тавантолгойн уурхайд өөрийн зардал, хүн хүчээр зах зээлийн үнээс хямд өртгөөр олборлолт явуулан  барагдуулах санал тавьсныг хүлээн авч, ажил гүйцэтгэх гэрээ байгуулахыг “Эрдэнэс Тавантолгой” ХК-д даалгахаар шийдвэрлэлээ. “Саусгоби сэндс” ХХК нь Таван толгойн уурхайд ажиллахад холбогдон гарах тээврийн зардал, цалин хөлс, нийгмийн даатгал, байрлах байр, хоол хүнс, цахилгаан, техник хэрэгслийн засвар үйлчилгээ болон бусад зардлыг бие даан хариуцах бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-аас ямар нэгэн нэмэлт зардал гаргуулахгүй байхаар тохиролцсон байна.
Ийм шийдвэр гаргаснаар улс хохирохгүй шүүхээс ногдуулсан төлбөрийг бүрэн хэмжээгээр  авахын зэрэгцээ тухайн компанийн үйл ажиллагааг ч зогсоохгүйгээр өр төлбөрийг эцэслэх боломж бүрдэж байна.