05.17

Эмэгтэйчүүд хүүхдүүдийн эрхийг хамгаалдаг байгууллагуудтай уулзав

Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын албаны төлөөлөл Төв аймагт үйл ажиллагаа явуулж буй зарим төрийн бус байгууллагын ажилтнуудтай 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Зуунмод суманд уулзаж, санал солилцлоо. Уулзалтад үйлдвэрчний эвлэл, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, эмэгтэйчүүд, хүүхдийн эрх, гэр бүл хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөлөгчид оролцов.

Төв аймагт хамгийн тулгамдаж байгаа хүний эрхийн асуудлууд нь гэр бүлийн хүчирхийлэл, төрийн алба болон хувийн хэвшлийн салбар дах хөдөлмөрлөх эрхийн зөрчил байна гэдгийг төрийн бус байгууллагын төлөөлөгчид онцлов. Хүний эрхийн нөхцөл байдлыг судлах, тодорхой арга хэмжээ авах зорилгоор нутгийн удирдлагын байгууллагууд, Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дах ахлах мэргэжилтэн, төрийн бус байгууллагууд хамтран шалгалт, судалгаа, сургалт сурталчилгаа хийвэл илүү үр дүнтэй болно гэдэг саналыг оролцогчид дэвшүүлж байлаа.

Цаашид, явуулж буй үйл ажиллагааныхаа талаар нутгийн удирдлагын байгууллагууд, төрийн бус байгууллагуудад тогтмол мэдээлж байх, хамтын ажиллагааг хөгжүүлэх чиглэлээр идэвх санаачлагатай ажиллахыг оролцогчид Хүний эрхийн Үндэсний Комиссын орон нутаг дах ахлах мэргэжилтнээс хүслээ.