Энэ зун наадмын дараа АСЕМ-ийн уулзалт Монголд болох учиртай. Дэлхийн олон орны өндөр дээд албан тушаалтнууд, гадаадын сэтгүүлчид, зочид, төлөөлөгчид манай улсад ирж, хоёр гурав хоног бужигнах юм. Тиймээс монголчууд бид нэр нүүрээ бодож, Улаанбаатар хотынхоо өнгө үзэмжийг дээшлүүлэхээр чадах чинээгээрээ л ажиллаж байна. Хөрөнгө мөнгө ч багагүй зарж байгаа. АСЕМ-ийн уулзалтыг нэгэнт зохион байгуулахаар болчихсон юм чинь ажил хийвэл хийсэн шиг хийгээд, гадаадын олон зочдын өмнө нүүр улайхааргүй зохион байгуулаад л өнгөрөөчих хэрэгтэй шүү дээ. Гэтэл сонгууль дөхөж байгаатай холбогдуулаад АСЕМ-ийн зам, ардын зам ч гэх шиг хол явахгүй хар пиар хийж эхэллээ, зарим нэгэн нь.
Цаашид АСЕМ-д зориулж ийм ч юм хийлээ, тийм ч мөнгө зарцууллаа, ард түмнийг мартлаа гээд л харлуулж өгнө дөө. Уг нь АСЕМ-ийн зам, ардын зам гэж юу байх вэ дээ. Улаанбаатарт л ганц нэг аятайхан зам нэмэгдэж, чанаржиж, сайжирч л байвал бидэнд хэрэгтэй. АСЕМ-ийн төлөөлөгчид яах вэ, Улаанбаатар ирээд хоёр гуравхан хоног болоод л буцна. Яах вэ дээ, тэр аятайхан замаар яваад, монголчууд чинь бас ч тийм болхи бүдүүлэг нөхдүүд биш байна, зам харгуй нь гайгүй юм гэсэн сэтгэгдэлтэй буцвал бидэнд л хэрэгтэй. Тэд явахдаа бидний барьсан замыг хуулж аваад л явчихав гэж дээ. Бидний хийсэн бүтээсэн эх орондоо л үлдэнэ.
Дараа нь ард түмэн бид л тэр замаар зорчино. Тэр харьцуулаад байгаа шиг зам манай Улаанбаатарын гэр хорооллууд болоод бусад газруудад зөндөө л байгаа. Өмнө нь Улаанбаатарын бүх л зам тийм байсан биз дээ. Харин өнгөрсөн хэдэн жилд гайгүй засаад, аятайхан болгочихлоо. Цаашид ч замаа аятайхан болгоод, засаад явна. Хоёр, гуравхан жилийн дотор өргөс авчихсан юм шиг бүгдийг нь гялтайлгаад, толийлгоод, засаад дуусгачихна гэж юу байдаг юм.
Тийм болохоор ядаж л пиараа зөв сонгох хэрэгтэй байна шүү дээ. Хэрвээ энэ мэтээр пиар хийх гэж байгаа бол арай өөр өнцгөөс нь хар л даа. Манайхан АСЕМ-д зориулж бүтээн байгуулалт хийж байгаа ч халтуурдсан тохиолдлууд гарсан. Хан-Уулын хуучин байшингуудын зам руу харсан хэсгийнх нь дээврийг будаж янзлаад, нөгөө талыг нь орхичихсон байсан. Түүн шиг АСЕМ-ийн гэгдээд байгаа замаа чанартай, сайн л тавьсан байгаасай билээ. Зочид төлөөлөгчид ирээд явлаа, хэд хоногийн дараагаас хуулраад, ховхроод, эвдрээд байхгүй л бол болно. Харин хэсэг хугацаанд нүүр тахалчихаад, дараа нь бутарчихаар зам хийчихсэн бол ёстой өөрөөр ярих хэрэгтэй.
Тийм л биш бол АСЕМ-ийн зам гэж байхгүй. Энд, Улаанбаатарт, Монголд хийж байгаа болгон бидэнд, иргэдэд зориулагдсан л юм шүү дээ. Хэрвээ АСЕМ болохгүй байсан бол ингэж бүтээн байгуулалт хийж, зам харгуйгаа засч янзалж, сайжруулахгүй ч байсан юм бил үү. Мэдээж төлөвлөлтийн дагуу замаа засаад, ажлаа хийгээд л явах байсан байх. Гэхдээ л АСЕМ-ийн буянаар бүтээн байгуулалт илүү эрчимжиж, хурдацтай ч байгаа шүү дээ. Энэ чинь л давуу тал. Тийм болохоор бидэнд хэрэгтэй гээд л бодчих. Түүнээс биш АСЕМ-ийнхан яваад, ард түмнийг явуулахгүй зам ч гэж юу байх вэ дээ.
http://www.mminfo.mn/content/88199.shtml?alias=opinion