Энэ сарын 4-нд болох Дэлхийн сонгодог бүжгийн наадам "Night of Ballet"-д 9 орны шилдэг 17 бүжигчин оролцохоор Монгол улсад ирээд байна. Олон улсын энэхүү наадам 5 дахь жилдээ болж байгаа бөгөөд Дэлхийн шилдэг бүжигчдийг эгнээндээ нэгтгэдэг АНУ-ын "Бостон", "Орландо", "Синсинати", Япон улсын "Комаки", Канад улсын "Канадын үндэсний балет театр болон Монгол Улсын ДБЭТ-ын гоцлол бүжигчид нэгэн тайзнаа бүжнэ. Наадамд Монгол, ОХУ, АНУ, Канад, Япон, Куба, Швед, Гүрж, БНХАУ-ын сонгодог урлагийг дэлхийд өнгөлж яваа гоцлол бүжигчид дэлхийн сор ноён оргил болсон бүтээлийг "Авьяаслаг Монголчууд" нэвтрүүлгээр бидний сайн мэдэх Корпорейт театрын тайзнаа толилуулахад бэлэн болжээ.
Тус наадмын онцлог нь үзэгчид дэлхийн сонгодог урлагийн чиг хандлагыг мэдрэхээс гадна Монголын сонгодог урлагийн хөгжлийн түвшинг тодорхойлох нэр төрийн нэгэн баталгаа болж байна. Мөн Олон улсын хэмжээний их наадам дэлхийд тоотой хэдэн оронд зохиогддогийн дотор Монгол улс ийм түвшинд хүрсэн Азийн гурав дахь орон болж байгаагаар нь бахархах эрхтэй хэмээн зохион байгуулагчид хэлж байв. Монгол улсад болох дэлхийн сонгодог бүжгийн шилдгүүдийн тоглолтын тасалбарын үнэ 100-120 мянган төгрөг аж.