06.07

Нара: Дуу дуулдаг учраас ухаан муутай байна гэсэн үг биш л дээ


Дуучин Нара буюу М.Нарантуяа энэ удаагийн сонгуульд бие даан нэр дэвшиж байгаа билээ. Тэрбээр энэ удаа боловсролын талаар сэтгэгдлээ хуваалцсан байна. Тодруулбал, "Боловсролын тухай боловсролтой байрын бүсгүй өөрийн сэтгэгдлээ оруулжээ. Хэлэх гэсэн санаа нь хүндлүүштэй ч тэр сэтгэгдэл, нийтлэл доторх урлагийн боловсролыг боловсролд тооцохгүй, биеийн тамир спорт ч бас боловсрол биш гэсэн хандлага нь энэхүү сэтгэгдэл бичихэд хүргэлээ.
Их дээд сургуулиар олгогддог мэргэжил, боловсролын дээд нь эрхзүйч, эдийн засагч, гадаад харилцааны мэргэжилтэн гэж ойлгох нь өрөөсгөл юм. Мэргэжил бүхэн сайхан. Улс орны асуудал хэлэлцэхэд дуучин миний ухаан дутна гэж дүгнэжээ. Дуу дуулдаг учраас ухаан муутай байна гэсэн үг биш л дээ.
Улсын их хурлын гишүүн бол иргэдийн төлөөлөл тэднийг сонсож, мэдэрч, асуудлыг нь ойлгож чаддаг, амьдралын сайн сайхны төлөө хамтдаа зүтгэж чаддаг хүн байх ёстой юм. Харин нарийн мэргэжлийн салбарт мэргэжлийн хүмүүс ажилладаг, тэдний зөвлөгөө дэмжлэгийг авдаг, хамтдаа хэтийг хардаг, асуудлыг шийддэг байх ёстой.
Намайг уншаагүй, болоогүй, боловсроогүй гэдэг шүүмжлэлийг би хүлээн авна. Хүн насан туршдаа боловсорно. Харин улс орныг зөвхөн боловсролоор удирдана түүн дотор урлагийн боловсролыг тооцохгүй гэсэн хандлагыг би хүлээн авахгүй, эрс эсэргүүцнэ.
Урлагийн салбарт сурч дуучны мэргэжил эзэмшлээ гээд бусдад өөлөгдөх утгагүй.
Биднийг эзэмшсэн мэргэжлээр минь битгий гоочлоорой. Их Эрдэмтэн Чой.Лувсанжав багш "Хүн болоогүй хүнд боловсрол олгоно гэдэг Босоо ороолонд алтан шүд хийж өгөхтэй адил" гэж хэлсэн байдаг. Энэ үгийг өглөө бүр санахад ч илүүдэхгүй мэт" хэмээн өөрийн цахим хуудаснаа бичжээ.