06.08

”Сайн хашаа” хөтөлбөрт хамрагдсан иргэд 5 хувийн хүүтэй зээл авах боломжтой

 

Гэр хороололд инженерийн хэсэгчилсэн болон төвлөрсөн дэд бүтэцтэй, амины орон сууцны хороолол бий болгож, иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах нөхцөлийг хангах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 252 дугаар тогтоолоор “Сайн хашаа” хөтөлбөрийг баталсан.  Хөтөлбөрт Толгойт, Баянхошуу, Шархад, Дамбадаржаа, Дарь-Эх, Хайлааст, Чингэлтэй орчмын гэр хорооллыг хамруулахаас гадна гэр хорооллын газрыг иргэдийн оролцоотой дахин зохион байгуулах төслийн талбар, зуслангийн газрыг хамруулах юм.
Өнөөдөр  Монгол Улсын Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар,  Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Нийслэлийн орон сууцны корпораци, “Төрийн банк”, “Гэр хорооллыг орон сууцжуулах төсөл” хамтран “Сайн хашаа” хөтөлбөрийг иргэдэд танилцуулах өдөрлөгийг Чингисийн талбайд зохион байгууллаа.
Хөтөлбөрийг нээж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хэлсэн үгэндээ: “Монгол Улсын Засгийн газраас 5 сайн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг зорин ажиллаж байна. Сайн малчин хөтөлбөр улс орон даяар амжилттай хэрэгжиж, нийт 40 гаруй мянган малчин хөтөлбөрт хамрагдсан. Сайн оюутан хөтөлбөрийг эхлүүлж эцэг эх, эмээ өвөөгийн нуруун дээр байсан сургалтын төлбөр гэх хүнд ачааг хөнгөлж, оюутнууд өөрсдөө  сургалтын төлбөрөө олох боломжтой болсон. Харин өнөөдөр бид “Сайн хашаа” хөтөлбөрөө эхлүүлж байна. Энэ бол зүгээр л тоног төхөөрөмж айлд суулгаад халаалт дулааны асуудлыг шийдэх гэж байгаа асуудал биш. Энэ бол Монголчуудын хувьд гэр хорооллыг бүхэлд нь шинэчлэн, амьдрах орчныг нь сайжруулахаар эхлүүлж байгаа том хөтөлбөр юм. Хөтөлбөр хэрэгжих явцад бид иргэдээс гарч байгаа саналд үндэслэж хөтөлбөрийн журамд зохих өөрчлөлтүүдийг хийх боломжтой” гэдгийг онцоллоо.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Сайн хашаа хөтөлбөр бол хотын төлөвлөлтийн шинэ эрин үеийг авчирна. Гэр хорооллын дахин төлөвлөлт болон иргэдийн оролцоотой газар шинэчлэн зохион байгуулах ажлуудыг Сайн хашаа хөтөлбөрөөр үргэлжлүүлэх боломжтой болж байна” гэлээ.