МЗХ-ноос “Хар жагсаалт”-ыг зарлаад буйтай холбогдуулан эрх зүйч М.Төрбаттай ярилцлаа.
-Сүүлийн үед МЗХ-ын ерөнхийлөгч А.Мөнхбат Хар, цагаан жагсаалт гэх ажиллагаа явуулж хар жагсаалтанд олон хүний нэрийг бичиж, тэднийг битгий сонго гэж сонгогчдод уриалж байгаа нь хуульд хэр нийцэж байна вэ?
-Ийм ажиллагаа явж байгааг би хэвлэлээс мэдэж, khulgaichguimongol.myf.mn сайт руу орж харсан.
УИХ-ын болон нийслэлийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшиж байгаа олон хүний нэрийг жагсааж, тэднийг битгий сонго гэж сонгогчдод уриалж байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүү, Иргэний хууль, Сонгулийн тухай болон бусад хуулийг зөрчсөн байх магадлалтай гэж үзэх үндэслэл байна.
-Дээрх хуулиудыг зөрчсөн байна гэх хардлагаа тодруулна уу?
-Юуны өмнө Монгол Улсын Үндсэн хуульд энэ талаар юу гэж дурдсаныг тодруулья.
Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт Монгол Улсын иргэн “…Төрийн байгууллагад сонгох, сонгогдох эрхтэй...”, мөн зүйлийн 14 дэх хэсэгт “Гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно...”, мөн зүйлийн 17 дахь хэсэгт “хүний нэр төр, алдар хүнд...хуулиар тогтоон хамгаална”, Арван долдугаар зүйлийн 2 дахь хэсэгт “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” Дөчин долдугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ” гэж тус тус баталгаажуулж бусад хууль тогтоомжоор нарийвчлан зохицуулсынг дурдах нь зүйтэй.
Хоёрдугаарт, Эрүүгийн хууль зөрчсөн байх магадлалтай. Эрүүгийн хуулийн 110 дугаар зүйлийн 110.1-д “бусдын нэр төр, алдар хүндийг олон нийтийн өмнө доромжилсон бол...”, мөн хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д гүтгэх гэмт хэргийг зүйлчилсэн ба “хүний нэр төр, алдар хүндийг гутаах зорилгоор гүжирдлэг тараасан бол...”, 130 дугаар зүйлийн 130.1-д “Иргэний сонгох, сонгогдох, ...эрхээ хэрэгжүүлэхэд... санаатай саад...” хийхийг гэмт хэрэгт тооцсоныг зөрчсөн байх магадлалтай ба дээрх иргэд энэ талаар Цагдаагийн байгууллагад гомдол гаргах эрх нь нээлтэй байгаа.
Гуравдугаарт, Иргэний хууль зөрчсөн байх магадлал байна..Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний ...нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол...”, мөн “бусдын нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүргийг хүлээхээр” хуульчилсан байна.
Дөрөвдүгээрт, Монгол Улсын нэгдэн орсон Хүний эрхийн түгээмэл тунхаглалд “хэний ч...нэр төр, алдар хүндэд дураараа халдах ёсгүй”, Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 7 дугаар зүйлд “хэний ч...нэр төрийг доромжлон харьцахыг хориглоно” гэснийг тус тус зөрчсөн гэж үзэх үндэслэл байна.
-Хүний нэр төр, адар хүнд гэдгийг хуулинд хэрхэн тодорхойлдог юм бэ?
-Хүний нэр төр алдар хүнд гэдэг нь иргэн бүрт хамаарах бөгөөд нэр төр нь тухайн хүний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаархи эерэг үнэлгээ төдийгүй тухайн хүний өөрийгөө үнэлэх дотоод үнэлэмж, харин алдар хүнд нь нэр төртэй салшгүй холбоотойгоос гадна тухайн хүний найз нөхөд, хамт олон бусад этгээд болон нийгмээс өгсөн үнэлгээнд үндэслэсэн гадаад үнэлэмж бөгөөд Үндсэн хуулиар хамгаалагдсан хэн ч халдашгүй нандин зүйл мөн.
-Тэгвэл хар жагсаалт гаргасан хүмүүс тодорхой хариуцлага хүлээх үү?
-А.Мөнхбатын үйлдлийг шүүх, хууль сахиулах байгууллагын эрх мэдлийг өөртөө олгож иргэдийн төрийн байгуллагад сонгогдох эрхэнд халдсан, иргэдийг хулгайн гэмт хэрэг үйлдсэн хулгайч этгээд мэтээр гүтгэсэн, УИХ-ын сонгуульд сонгогдох эрхгүй гэж доромжилсон, нэр төрийг нь гутаасан, энэ үйлдлээ хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай /khulgaichguimongol.myf.mn/ ашиглан олон нийтэд идэвхтэйгээр цацаж бүү сонго гэж иргэдийн сонгох эрхээ чөлөөтэй хэрэгжүүлэхэд санаатай саад хийж байгаа гэмт хэргийн шинжтэй үйлдэл гэж үзэж болохоор байна.
Хэрэв дээрх иргэд өөрсдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан, сэтгэл санааны хохирол учруулсэн гэх агуулгатай нэхэмжлэлийг иргэний хэргийн шүүхэд гаргавал А.Мөнхбат бусдад учруулсан гэм хороо мөнгөн хэлбэрээр төлж арилгах үүргийг хүлээх бололтой.
Мөн хар жагсаалтанд орсон гэх хүмүүсийг гүтгээгүй, доромжлоогүй, иргэний сонгох, сонгогдох эрхэнд саад хийгээгүй гэдгээ нотолж чадахгүй бол эрүүгийн хариуцлага хүлээх байх.
Гэхдээ түүний гэм буруутай эсэхийг зөвхөн шүүх тогтоох ёстой.