06.10

Сонгуулийн чимээнээр амилсан 1072 хувьцаа

Энэ оны дөрөвдүгээр сард иргэд 1072 ширхэг хувьцаагаа хятадуудад зарж байгаа тухай сенсаци дэгдсэн. Үүний үр дүнд нийслэлчүүд ажлаа орхиж, унтахаа мартаад хэдэн өдөр шөнө Урт цагааны гудамжийг сахисан билээ. Албаныхан 1072 хувьцааг зарах боломжгүй гэж өчнөөн мэдэгдсэн ч тусыг эс олсон. Чухам хэн хаана авсан нь мэдэгдээгүй ч иргэд шөнө өдөргүй хувьцаа зарах харуулд зогссон нь л үнэн юм. 
Тэгвэл сонгуулийн чимээнээр мөнөөх алдартай 1072 амь оров. Тодруулбал, өчигдөр Засгийн газар хуралдаж, энэ талаар шийдвэр гаргасан гэнэ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг "Засгийн газраас санхүүжилтийн эх үүсвэрийг шийдсэний үндсэн дээр 1072 ширхэг хувьцааны 322 ширхэг хувьцаа буюу 30 хувьд нь 300 мянган төгрөгөөр иргэдээсээ худалдан авах саналыг Засгийн газрын зүгээс тавих шийдвэр гаргалаа.
Цаана нь 750 ширхэг хувьцаа үлдэж байгаа. Үүнийг бид оны хоёрдугаар хагаст үргэлжлүүлэн худалдан авах саналыг тавьж байгаа. Иргэдийг энэ хувьцаагаа бидэнд заавал худалд гэдэг шаардлагыг Засгийн газраас тавиагүй гэдгийг хэлэхийг хүсч байна. Хэрвээ хувьцаагаа худалдах хүсэлтэй бол энэ зургаадугаар сарын 13-ны өдрөөс эхлээд Улаанбаатар хот болон улс орон даяар үйл ажиллагаа явуулж байгаа арилжааны банкнуудын салбарт очиж маягт бөглөсний үндсэн дээр өргөдлөө гаргана. Үүнээс хойш долоо хоногийн дотор энэ асуудлыг шийдэх бололцоотой болно. 300 мянган төгрөгийг гурав хувааж, 100 мянган төгрөгөөр мөнгөжүүлээд явах бололцоотой гэж харж байна. Үүнд дуусах хугацаа байхгүй.  Энэ асуудлыг сонгуультай  холбож болохгүй. Бэлэн мөнгө тарааж байгаа асуудал биш. Хувьцааг нь худалдан авч, төлбөр хийж байгаа. Бүх асуудал хуулийн хүрээнд явагдаж байна” хэмээн мэдэгдсэн.
Тэгвэл УИХ дахь МАН-ын бүлгээс 1072 ширхэг хувьцааг бэлнээр мөнгөжүүлж иргэн бүрт өгөх УИХ-ын тогтоолын төсөл санаачилснаа мөн дуулгасан. Аль аль нь сонгууль эхлэхтэй холбогдуулж ийм ажил хийж байгаа нь ойлгомжтой. Өнөөдөр халаас нь дэндүү нимгэрсэн иргэдэд 300 мянган төгрөг нь ашигтай юу, нэг сая төгрөг нь хэрэгтэй юу гэдгийг бодох л ёстой асуудал. 2012 онд Монгол Ардын Нам засаглаж байхдаа иргэдийн 1072 ширхэг хувьцааг нэг сая төгрөгөөр худалдаж аваад эхэлчихсэн байсан юм.
Хэрэв Монгол Ардын Нам тухайн жилийн сонгуульд олонх болсон бол үргэлжлүүлэн хувьцааг нь бэлэн мөнгө болгох байснаа өнөөдөр ч ярьж буй. Гэтэл сүүлийн дөрвөн жил эрх баригчдын хараанд огт өртөөгүй, харахыг ч хүсээгүй 1072 ширхэг гэнэт ийн амь орж байна. Хятадуудад хувьцаагаа зарах гэж өдөр шөнөгүй унтахаа мартсан иргэдээ буруутгах аргагүй. Эрх баригчид л ийм байдалд хүргэсэн. Иргэдийн гар дээр бэлэн мөнгө байхгүйгээс үнэтэй цайтай гэсний зарахыг нь зарж, ломбарданд тавихыг нь тавьсны эцэст мөнгө болгочихоор үлдээд байгаа ганц зүйл нь 1072 хувьцаа гэдэгтэй маргах хүн гарахгүй биз. Тэгэхээр энэ талаар сонгуулийн шоу хийх биш нухацтай л шийдвэр гаргаасай даа.

Г.НАРАН