Олон улсын теннисийн холбоо /ITM/ Оросын тамирчин Мария Шараповагийн эрхийг хоёр жилээр хасах тухай шийдвэр гаргажээ. Энэхүү хугацааг 2016 оны Нэгдүгээр 26-ны өдрөөс эхлэн тооцох аж. Ингэснээр тамирчин бүсгүй 2016 оны Бразилын Олимпийн наадамд оролцож чадахгүй болсон байна. Өнгөрөгч гуравдугаар сарын 7-нд Мария Шараповагийн цусанд мельдониум олдсон тухай дэлхийн Хэвлэл мэдээллийн хэрэгслээр шуугисан билээ. Энэ тухай Мария Шарапова өөрөө хэвлэлийн бага хурал хийж уучлал гуйсан. Түүний өмгөөлөгч нь хэвлэлд илгээсэн захидалд тайлбарлахдаа “2006 онд түүнийг дархлааны сулралтай, чихрийн шижин тусах магадлалтай, мөн магни, энерги бага учраас өдөр бүр 500 мг “mildronate” уухыг эмч зөвлөсний дагуу өнгөрсөн 10 жилийн турш энэ эмийг хэрэглэж ирсэн” гэсэн байдаг юм. Тэгвэл “Рио-де-Жанейрогийн Олимпийн наадамд Мария Шараповагийн оронд Орос улсыг Екатерина Макарова төлөөлөх болно" гэж Оросын теннисийн холбооны тэргүүн Шамиль Тарпишев мэдэгдэл хийгээд байгаа юм.