Нийслэлийн эдийн засагт аялал жуулчлалын салбарын эзлэх хэмжээг 20 хувьд, аялал жуулчлал, зочлох үйлчилгээний салбарт ажиллагсдын тоог 35 мянгад хүргэж, Улаанбаатар хот 2020 он гэхэд 2 сая, 2030 онд 5 сая жуулчин хүлээж авах зорилт бүхий “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийг 2015 оноос эхлэн нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл урлагийн газар, Аялал жуулчлалын газар, нийслэлийн Улаанбаатар чуулга, хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран үндсэн 7 зорилтын хүрээнд хэрэгжүүлж байна. Тус хөтөлбөрийн хүрээнд энэ оны 01 сараас эхлэн "Дэлхийн цирк Монголд", “Улаанбаатар бүүк фэйр” номын фестиваль, “Гэгээн Муза” драмын урлагийн наадам, “Улаанбаатар марафон-2016”, “Монгол цэргийн жавхаа-2016”, “Улаанбаатар-Венийн үдэш” зэрэг үйл ажиллагааг зохион байгуулав. Мөн Үндэсний их баяр наадмын өдрүүд болон энэ оныг дуустал соёл урлаг, аялал жуулчлалын олон арга хэмжээг зохион байгуулна гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.