УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг олон нийтэд ил болсон бичлэгтэй холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “2016 оны зургаадугаар сарын 6-ны өдөр Бат-Ялалт надтай ирж уулзсан. Ингэхдээ бичлэг үзүүлээд 200 сая төгрөг нэхсэн. Тухайн бичлэгийг үзээд миний төрсөн өдрөөр Уянга гишүүн тоглоомоор гар утсандаа бичиж байсан бичлэг мөн болохыг таньсан. Бат-Ялалттай уулзсаны дараа Уянга гишүүн рүү ярьж энэ талаар асуусан. Уянга гишүүн “Би гар утсаа алдсан. Утсаа алдсан асуудлаар Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст хандсан. Та тэнд ханд” гэж хэлсэн. Ингээд би зургаадугаар сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст Бат-Ялалт бичлэгээр дарамталж мөнгө нэхэж байгаа тухай гомдол гаргасан. Миний гаргасан гомдлын дагуу Бат-Ялалт Уянгаа гишүүний утсыг яаж хулгайлж авсан талаар цагдаад мэдүүлэг өгсөн байх учиртай. Ирж уулзсанаасаа хойш Бат-Ялалт надаас долоо хоногийн турш мөнгө нэхсэн. Сүүлдээ сонгуулийн дараа буцаагаад өгье мөнгө зээлээч гэхээр нь би 50 сая төгрөг Эрдэнэчимэг гээд өөрийнхөө нэрээр шилжүүлсэн. Баримт нь энэ байна. Мөнгөө төлөхгүй бол би насан туршид чинь нэхнэ шүү гэж хэлсэн. Тэрийг өчигдөр Бат-Ялалт насан туршийн зээл гээд яриад байх шиг байна лээ.
Миний хувьд Болгарт оюутан байхдаа тамхи татаж сурсан. 20 жил тамхи татсан. Өөрөө тамхи татдаг хүний хувьд тамхины хор хөнөөлийг мэдэх учраас хууль санаачилсан. Мэдээж санаачилсан хуулиа өөрөө зөрчсөн нь ёс зүйн том алдаа байлаа. Энэ үйлдэлдээ уучлал гуйж байна, торгуулаа өнөөдөр төлчихлөө. Бат-Ялалт, Алтаншагай хоёр хоёулаа нэр дэвшиж байгаа. Сонгогчдодоо мөрийн хөтөлбөрөө танилцуулаад завгүй ажиллаж байх ёстой хүмүүс яагаад ингээд явж байна гэдэг нь сонин. Алтаншагай бид хоёр 72 дугаар тойрогт нэр дэвшиж байна. Тэгвэл Алтаншагай заавал яагаад надтай нэг тойрогт өрсөлдөхөөр болов. Дээр нь би Бат-Ялалтыг намайг 71 дүгээр тойрогт өрсөлдөнө гэж таамаглаад тус тойрогт андуураад нэр дэвшчихээд тойргоо сольж чадаагүй гэж харж байна. Энэ удаагийн сонгуульд 400 гаруй хүн нэр дэвшиж байхад эмэгтэйчүүд рүү ингэж халдаж байгаа нь ямар учиртай юм гэсэн хардлага дагуулж байна. Нарагийн эсрэг Анужинтай холбоотой ямар ямар бичлэгүүд гаргаж цацав гэдгийг олон нийт мэдэж байгаа. Бат-Ялалт, Алтаншагай хоёр хэний санхүүжилтээр ийм ажил хийж байгааг хууль хяналтын байгууллага нь шалгаж тогтоох байх. Эдэн шиг шантаажчингуудыг битгий сонгоорой гэж уриалмаар байна. Бас нам харгалзахгүй эмэгтэйчүүдээ дэмжээрэй гэж уриалъя” гэсэн юм.
Г.НАРАН