06.15

Х.Бат-Ялалт: Ийм бичлэг байна, 200 сая төгрөг өгвөл болж байна

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй холбоотой бичлэгийг өчигдөр сэтгүүлч Т.Алтаншагай, хуульч Х.Бат-Ялалт нар олон нийтэд цацсан. Тэгвэл энэ бичлэгийг цацсан хүмүүсийн ард УИХ-ын гишүүн Г.Уянга байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ тухайд УИХ-ын гишүүн Г.Уянга “Бат-Ялалт гэдэг хүн хэд хоногийн өмнө Л.Эрдэнэчимэг гишүүн рүү утастаж,  “Ийм бичлэг байна, 200 сая төгрөг өгвөл болж байна” гэж хэлсэн гэсэн. Л.Эрдэнэчимэг гишүүн над руу нэлээд бухимдуу ярьсан. Би тэр бичлэгийг нарийн тухтай үзэж амжаагүй байна. Ер нь энэ бичлэг Л.Эрдэнэчимэг гишүүн бид хоёрыг холдуулах ч юм уу тийм зүйлийг хийж чадахгүй. Би хүмүүсийн яриаг сонсоод “Эрчүүд яасан арчаагүй болчихсон юм бэ дээ” гэж бодсон. Миний гар утас хулгайд алдагдсан. Би энэ талаар Л.Эрдэнэчимэг гишүүнтэй хамтарч олон нийтэд мэдэгдэл хийнэ гэж бодож байна. Эмэгтэйчүүдийг дарж авах гэсэн энэ арчаагүй оролдлогод бид бууж өгөхгүй. Зарим нь бид хоёрыг муудалцаад булайгаа дэлгэлцэнэ гэж бодсон юм шиг байна. Үнэндээ бол тийм биш. Харин ч бид улам батжиж, нягтжих ёстой. “Сонгуулийн хуулиа батлахаас эхлээд эмэгтэйчүүдийн эсрэг байна. Тэгэхээр улам эвлэж, хоёулаа заавал гарах ёстой шүү” гэж бид хоёр утсаар ярилцсан. Хамтарч мэдэгдэл хийх шаардлага гарвал хийнэ гэж бодож байна” хэмээсэн байна.

Г.НАРАН