06.16

Газрын мафи сонгуулийг хяналтдаа авах гэж байна гэв

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч, Нийслэлийн АН-ын дарга Э.Бат-Үүл газрын наймаа, хууль бус газар олголтын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр "Өнөөдөр хоёр шалтгааны улмаас хэвлэлийн бага хурал зарласан. Нэгдүгээрт, сүүлийн нэр дэвшигчдийг ёс бусаар гүжирдэх, шантаажлах үйл ажиллагаа газар авч байгаа. Үүнтэй холбогдуулан АН-ын нэр дэвшигчид тэр дундаа НИТХ-д нэр дэвшээд байгаа 45 хүнийг маш их сонор сэрэмжтэй байхыг уриалж байна. 

Хоёрдугаарт, манай баг, миний бие рүү газрын наймаа, авлигаар хөлжсөн бүлэглэлийн зүгээс маш их гүтгэлэг  доромжлолыг эрчимжүүлж байна. Ийм шалтгаануудын улмаас хэвлэлийн бага хурал зарлан хуралдуулж байна. Ард түмний зүгээс газрын мафи гэж нэрлэгддэг бүлэглэлийн зүгээс энэ сонгуулийг боломжийг алдахгүйн тулд улайран зүтгэж байна. Тиймээс зарим нэг баримтыг дэлгэх нь зүйтэй гэж үзлээ.  Дэлхийн банкны 2015 оны Монгол Улсын газрын харилцаа гэсэн тайлан гарсан. Энэ тайланд Улаанбаатарт газрыг дэлхийн жишгээр үнэлж орлого оруулсан бол ямар орлого оруулах байсан бэ гэдгийг тогтоосон байна. Үлэмж их орлого алдагдсаныг энэ тайлангаар анх удаа гаргасан. 2012 он хүртэл 26.9 их наяд төгрөгийг орлого орж ирэх байсныг тогтоосон байна. Хэрвээ энэ мөнгөн орлого орж ирсэн бол 26 мянган сургууль, цэцэрлэгийг цогцолбор барьж болох байсан.
2030  он хүртлэх төлөвлөгөөгөөр бүтэн шинэ хотыг барих хөрөнгө орж ирээгүй байна. Ийм их хэмжээний баялгийг хяналтдаа байлгаж байсан тэр бүлэглэл өнөөдөр энэ сонгуулийн боломжийг алдахыг хүсэхгүй байна. Тэр газрын мафи бол үнэхээр хүчирхэг. Тийм болохоор тэд гүтгэх, харлуулах бүх л аргыг хэрэглэж байна. Тэд сонгуулийг газрын төлөөх тулалдаан болгож хувиргаж байна. Тэд энэ бүх баялгийг эргүүлж хяналтдаа авахаар улайрч байна. Тэр бүлэглэлтэй тэмцэж байгаа бидний тэмцэл амаргүй байна” хэмээсэн юм. Мөн тэрбээр өмнөх хотын дарга нарын олгосон газруудын талаарх баримтыг дэлгэлээ.