06.17

Э.Бат-Үүл оффшорыг мартагнуулах үйлдэл хийв үү

Хотын дарга Э.Бат-Үүл өчигдөр өмнөх хотын удирдлагуудын газрын наймаа хэмээн хэвлэлийн хурал хийв. Харин түүний энэ үйлдлийг олон нийт хүүгийнхээ оффшор дансны асуудлыг намжаахын тулд хийсэн үйлдэл гэж үзэж байгаа юм. Тиймдээ ч олон нийтийн сүлжээгээр энэ асуудал нэлээд яригдсан. 
Тиймдээ ч “Б.Чулуудайн дансаар гүйлгээ хийсэн бол огцорно гэсэн яасан бэ. Оффшороо мартагнуулахын тулд М.Энхболдыг сөргүүлээд байна уу”, “М.Энхболд газар хуваарилахаар авлигал болчихдог, Э.Бат-Үүл байр хуваарилахаар хувьчлал болчихдоо больчмоор юм. Тэгж яривал адилхан хөрөнгө”, “Мал хувьчилсан П.Жасрай яах юм бэ. Компани хувьчилсан М.Энхсайхан хаачих вэ” гэх зэргээр шүүмж дагуулаад байна.
Тэгвэл өмнөх удирдлагуудаа харлуулж суугаа Э.Бат-Үүл дарга та юу хийсэн бэ. Ногоон уут нэрээр гурван тэрбумыг салхинд хийсгэж, хүүгийнхээ компанид тендер өгч, хотын төвийн хөшөөдийг буулгаж, талбайн нэр өөрчилсөөр дөрвөн жил өнгөрөв. Хамгийн сүүлд л гэхэд хотын захиргааны байр нураах шийдвэр таны гараар дамжаагүй гэж үү.
Түүгээр ч зогсохгүй түүхэндээ хамгийн олон буюу зургаан орлогчтойгоор ажиллаж, нийслэлийн төсвийн 360 гаруй тэрбум төгрөгийг үргүй зарцуулсан, “2013-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-төө Улаанбаатар хотыг “Агаар цэвэр”, “Амины сууцтай”, “Ажилтай орлоготой”, “Аюулгүй амгалан”, “Авлигагүй, найрсаг” хот болгох амлалтыг авсан ч мөрийн хөтөлбөрөө биелүүлээгүй, НИТХ-ын ээлжит, ээлжит бус, холбогдох хороодын хуралдаануудад 30 гаруй удаа суугаагүй нь НИТХ-ыг үл хүндэтгэж хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул огцрох ёстой гэх асуудал ч хөндөгдөж байсныг санаж буй биз ээ.
Түүнчлэн  хотын дарга өнгөрсөн хугацаанд нийслэлийн газрын албыг үгүй хийж, Нийслэлийн өмчийн харилцааны газартай нэгтгэсэн нь хууль зөрчсөн үйлдэл болсон.  Мөн  гурван давхраас дээшгүй өндөртэй 3600 метр кубээс ихгүй эзэлхүүнтэй барилга барих бүх зөвшөөрлийг дүүргээс олгодог байхаар шийдвэрлэсэн нь төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж байна гэсэн нэрийн дор дүүргүүдэд ажлын байрыг олноор нэмэгдүүлээд зогсохгүй, хүнд суртал эрх мэдлийг хэсэг хүний гарт төвлөрүүлж, татвар төлөгчдийн мөнгийг хий дэмий урсгах аюул нүүрлэлээ гэх шүүмжлэл ч дагуулж байв. Тэгэхээр Э.Бат-үүл дарга та энэ мэтээр өмнөхөө сүйтгэчихээд ажил хийсэн хэмээн цээжээ дэлдээд л байх гэж үү.

Г.НАРАН