УИХ-ын гишүүн С.Оюуны ээж Доржпаламынхаа “Сэрэлт” уран сайхны киноны орос эмчийн дүр бүтээснийг дэлгэцнээ дахин амилуулж өөрөө энэ дүрд тоглохоор болсон гэнэ. Тодруулбал, цагаан сараар үзэгчдэд хүрэх “Гайхамшигт дэлгэц” нэвтрүүлэгт Монголын кино урлагийн сор болсон алтан үеийнхний бүтээсэн шилдэг дүрүүдийг өнөөгийн жүжигчид амьдруулах юм. Улмаар “Сэрэлт” киноны орос эмчийн дүрд тоглосон Доржпалам гуайн дүрийг охин С.Оюун, Цагааны Цэгмид гуайн бүтээсэн дүрд түүний хүү ардын жүжигчин Ц.Төмөрбаатар, Бумаа авгайд жүжигчин Алтанцэцэг тоглож амьдруулах үүрэг оногджээ. “Гайхамшигт дэлгэц”-д тухайн киноны орчин нөхцөл, ахуй амьдрал, хувцас хэрэглэл бүх зүйл нь жинхэнэ кино шигээ байлгах юм. Уг тоглолт нь Монголд үндэсний кино урлаг үүсч хөгжсөний 80 жилийн ойд зориулсан төсөл бөгөөд төслийг гавьяат жүжигчин Н.Батцэцэг санаачилж, “Монгол кино нэгтгэл”-ийн захирал Ж.Солонго удирдан зохион байгуулж байгаа аж.