06.23

Эрх баригчид аа, мөнгө тараахын оронд ажил гүйцэтгэсэн компаниудынхаа мөнгийг өгөөч

Өнгөрсөн тавдугаар сарын 3-нд “Эвлэлдэн нэгдэх , хөдөлмөрлөх эрхээ эдэлье “ МҮЭ-ийн жагсаал Чингисийн талбайд болсон билээ. Салбар салбарыг төлөөлөн ирсэн жагсагчид хувцсаараа жигдрэн, уриа лоозон бүхий самбаруудыг барьж Засгийн газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт шаардах хуудас хүргүүлж жагсаал хийсэн юм. Тус жагсаалд Нийслэл төдийгүй, Төв аймгийн ҮЭ-ийн холбоо, Багануур дүүрэг, Налайх, Багахангайн ҮЭ-ийн холбоо зэрэг орон нутгийн ҮЭ-ийн холбоодын төлөөлөн ирж оролцсон бөгөөд тэр дундаа авто замчид  олуулаа ирсэн байдаг. Нийтдээ 30-аад компанийн төлөөлөл цугларсан бөгөөд өөрийнхөө хөрөнгөөр улсын ажил хийсэн ч одоо болтол санхүүжилтээ авч чадаагүй, хүнд байдалд орсноос ийнхүү жагсаал зохион байгуулсан юм.
Шинэчлэлийн Засгийн газар, Эдийн засгийн хөгжлийн яам бондын хөрөнгөөр “Гудамж” төсөл хэрэгжүүлж, нийслэл төдийгүй орон нутгийн олон зам, гарц, явган хүний замыг шинэчлэн барьж бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн. Үүний хүрээнд үндэсний 22  компани гудамж, уулзвар, замын засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэсэн ч  өнөөг хүртэл санхүүжилтээ авч чадаагүйгээс ийнхүү жагссан билээ. Тэгвэл зөвхөн замын компаниуд ч гэлтгүй эрчим хүч, барилгын салбарынхан өнөөг хүртэл хийсэн ажлынхаа санхүүжилтийг авч чадахгүй өрд баригдаж, зарим нь дампуурахдаа тулаад байна.
Өнөөгийн байдлаар 20 гаруй компани төрөөс хийсэн ажлынхаа хөлсийг авахаар нэгдээд байгаа юм. Эрх баригчид сонгуулиар иргэдийн санал авахын тулд хувьцаа нэрээр мөнгө тарааж байгаа ч ажил хийлгэсэн компаниудынхаа мөнгийг өгөхгүй ийн чирэгдүүлж байгаад тэд дургүйцэж байгаа юм. Сангийн яаманд өнөөг хүртэл тооцоо дуусгаагүй компаниудын жагсаалт өнөөг хүртэл байж байгаа. Харин компаниуд мөнгөө нэхэхэд нь татвар, санхүү, мэргэжлийн хяналтаас шалгалт явуулж, цагдаа хуулийн байгууллагаас дарамт явуулдаг болсноор дээрх компанийн төлөөлөл төрөөсөө айсан байдалтай өнөөдрийг хүрч байна. 
Гэвч өр зээлд баригдаж, дампуурахдаа тулсан компаниуд цаашид ингээд чимээгүй суугаад байхыг хүсэхгүй байгаа аж. Тиймдээ ч ажлын хөлсөө нэхэхээр “Мөнгө байхгүй” гэчихээд иргэдэд мөнгө тарааж байгаа эрх баригчидтай тэмцэхээр шийджээ. Хэрвээ ажил гүйцэтгэсэн компаниудын мөнгийг олгохгүй бол сонгуулийн өмнөх өдөр хэвлэлийн бага хурал хийж, цаашид тэмцлийн арга хэмжээнд шилжихээ ч мэдэгдээд байна. 
Дээрх компанийн төлөөлөл  “Бид бүхэн төрийн ажлыг гүйцэтгэсэн, гэтэл өнөөдөр манай компани  дампуурлаа зарлахад хүрч байна. Ажилчид бид цалингаа авсангүй жил гаруй болж байна. Нийгмийн даатгал ч төлөгдөөгүй. Төр  арай  ч дэндүү байна. Ажлаа хийсэн компаниудын мөнгийг яагаад өгчихөж болдоггүй юм бэ” хэмээсэн бөгөөд энэ ажил гүйцэтгэсэн мөнгөө яаралтай олгохыг эрх баригчдад сануулсан юм. 

Г.НАРАН