06.24

“Хүлэмжийн ургацын шинэ ногооны амт” үзэсгэлэн худалдаа болно

Хүн амыг шинэ ургацын хүнсний ногоогоор хангах зорилгоор Хүнс, Хөдөө аж ахуйн яамнаас 2013 онд “Өвлийн хүлэмжийн аж ахуй байгуулах” төсөл боловсруулан батлуулж, Засгийн газрын үнэт цаас арилжиж бүрдүүлсэн хөрөнгөөс Голомт банкаар дамжуулан 30 аж ахуйн нэгж, иргэнд 25.8 тэрбум төгрөгийн зээлийг олгосон. Төслийн үр дүнд нийт 10.2 га талбай бүхий өвлийн хүлэмж байгуулагдан Улаанбаатар хот болон бусад томоохон хот суурин газрын иргэдийг шинэ ургацын хүнсний нарийн ногоогоор хангах, импортыг бууруулах нөхцлийг бүрдүүлсэн юм. 
Энэхүү өвлийн хүлэмжинд тарьж ургуулсан хүнсний ногоог хэрэглэгчдэд хүргэх үзэсгэлэнг худалдааг Олон улсын Глобал коммунитис ТББ, Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчдийн холбооноос санаачлан Хүнс, Хөдөө аж ахуйн яам болон НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгууллага, “Монгол ногоо” хөтөлбөр, Голомт банк хамтран Барилгачдын талбайд энэ сарын 24-26-нд зохион байгуулах гэж байна. 
Үзэсгэлэн худалдаанд Чингис бондын хөнгөлөлттэй зээл авч хүлэмж байгуулсан Улаанбаатар хот, Төв аймгийн 13 аж ахуйн нэгж оролцоно. 
Үзэсгэлэн худалдааны нээлт өнөөдөр 11:00 цагт Барилгачдын талбайд болно.