1. Солонгосын жүжигчин Сон Хе Кё 1981 оны 11 дүгээр сарын 22-нд мэндэлжээ. Тэрбээр “Зүрхэнд шингэсэн намар” (2000), “Бүгдийг нь” (2003), “Миний байшин” (2004),”Салхи үлээсэн тэр нэгэн өвөл” (2013) олон ангит кинонуудын гол дүрд тоглож Монголчуудын танил болсон билээ. Сон Хе Кё өвчтэй төрсөн учраас амьд үлдэхгүй гэж эмч нар хэлж байжээ. Гэвч эцэг эх нь азаар амьд гарсан охиныхоо төрсөн өдрийг 1982 оны хоёрдугаар сарын 26-нд албан ёсоор бүртгүүлжээ. Тиймээс бүх бичиг баримт нь энэ он сартай байдаг.
2. Жүжигчин бүсгүйн эцэг, эх бага насанд нь салсан тул ээжтэйгээ хамт өсчээ. Ингээд төрсөн нутаг Дэгүгээс Сөүл хотын Ганнам дүүрэгт шилжин суурьшиж, бага сургуульд байхаасаа уран гулгалтаар хичээллэж эхэлжээ. Гэвч энэхүү спортоо наймдугаар ангид байхдаа орхисон гэдэг.
3. Түүнийг дунд сургуулийн багш нар нь “Хөгжилтэй, хүүхдүүдтэй эвсэг харьцдаг, цовоо сэргэлэн зантай” гэж тодорхойлсон байдаг. 1996 онд буюу 14 настай байхдаа тэмцээнд оролцон түрүүлж, дунд сургуулийн хүүхдийн дүрэмт хувцасны модель болсоноор амжилтын гараагаа эхэлжээ.
4. Солонгосын 66 ангит “Анхны хайр” кинонд жижиг дүр бүтээсэн нь хамгийн анхны уран бүтээл юм. Сон Хе Кё 2004 онд “Миний байшин” киногоороо ихээхэн амжилт олж, кино шүүмжлэгчид, үзэгчдээс өндөр үнэлгээ өгсөний дараа уран бүтээлээсээ хоёр жил завсарлаж Сан Франциско хотноо англи хэлний сургуульд сурчээ.
5. 2008 онд эргэн ирж, жүжигчин Хён Бинтай хамтран хайрын тухай кинонд тоглож байсан тэрээр "The Grandmaster" киноны туслах дүр бүтээж, Хятадын зах зээлд гарсан юм. Мөн Японы олон ангит кинонд эсрэг дүр бүтээсэн гэдэг. 2011 онд Солонгосын хамгийн хөөрхөн бүсгүйгээр шалгарч, Алтанта, Нью-Йорк, Бонус Айрес, Парис зэрэг дэлхийн томоохон хотуудын зар сурталчилгааны нүүр царай болжээ. Мөн Солонгосын алдартай брэндүүдийг сурталчилдаг юм.
6. Солонгосын эмэгтэй жүжигчдээс анх удаа “Effigies” агентлагийн нүүр царайгаар тодорч Европчуудын дунд мөн нилээд алдаршжээ. 2003 онд “Бүгдийг нь” кинонд хамтран тоглосон жүжигчн Ли Бен Хунтай болзож байгаа талаар шуугиан тархсан ч 2004 онд салснаар шар хэвлэлүүдийн баатар болж байсан юм.
7. Мөн 2009 онд хамтран кинонд тоглосон царайлаг жүжигчин Хён Бинтэй хайр сэтгэлийн холбоотой болсон нь олон нийтэд илэрч байв. Гэвч хосуудыг ямар харилцаатай болохыг хэвлэлээр бичиж байснаас биш өөрсдөө нэг ч удаа албан ёсоор мэдэгдэж байгаагүй ажээ. Гэвч 2011 онд Хён Бин цэргийн сургуульд элссэний дараа хосууд салсан нь тодорхой болжээ.
8. Тэрбээр байнга олон нийтийн анхааралд өртөж байдаг бөгөөд үүнийгээ миний насны бүсгүйчүүдэд байх зүйл гэж хэлдэг байна. Гэхдээ цаг үргэлж ганцаараа амьдрахыг хүсэхгүй байгаа гэдгээ нуугаагүй ажээ. 2012 онд жүжигчин бүсгүй өөрийнх нь тухай ор үндэслэлгүй мэдээллийг интернэтэд цацаж, гүтгэн доромжилсон хүмүүсийг шүүхэд өгсөн юм. Сөүл хотын прокурорууд 24 хүнийг уг хэрэгт холбогдуулан шалгажээ.
9. 2007, 2011 онд шилдэг эмэгтэй жүжигчин, 2013 онд Солонгосын хамгийн шилэг 10 одын нэгээр шалгарсан байна. “Салхи үлээсэн тэр нэгэн өвөл” киногоороо SBS телевизийн кино наадамд уригдсан ч цагийн хуваариа андуурснаас болоод очиж чадаагүй гэнэ.
10. Сон Хе Кё хүүхдийг ивээх сан болон олон улсын байгууллагад хандив өгдөг гэнэ. Америкийн “Make yourself at home” хэмээх аймшгийн кинонд тоглосон тэрээр 2010 онд дэлхийн хамгийн хөөрхөн эмэгтэйчүүдийн жагсаалтад 18-д бичигдэж байжээ.