06.30

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг авсан ХХБанкыг хэн эзэмшдэг вэ

Ерөнхий сайд Ч.сайханбилэг Эрдэнэт үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Монголын Худалдаа хөгжлийн банкны хөрөнгө оруулалттай "Монголын зэс" компани эзэмших болсон талаар мэдээллээ.
  “Эрдэнэт үйлдвэр” ХХК нь Монгол Улсын хуулиас дээгүүр олон улсын гэрээ хэлэлцээрээр зохицуулагддаг хамтарсан үйлдвэрийн статустай байгууллага байсан бол одоо Монгол Улсын хуулиар зохицуулагддаг  үндэсний аж ахуйн нэгж болж байна. Хуучин 51 хувийн ногдол ашгийг улсдаа үлдээж, 49 хувийг ОХУ-ын Ростек компанид шилжүүлдэг байсан бол өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн ногдол ашгийг улс 100 хувь эзэмшдэг болж, тус үйлдвэрийн бүх дагасан нийгмийн барилга байгууламж Монгол улсад ирнэ.
Эрдэнэт үйлдвэр өнөөдрийн байдлаар хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд энэ  сарын 30-наас эхлэн хоёр тал байр сууриа илэрхийлэн мэдэгдэл гаргах юм байна. Монгол Улсын Засгийн газар гуравдагч этгээдэд энэ асуудалд оролцохыг хориглосон, Монгол Улсын компани өөрийн 49 хувийг зарах бол зөвхөн Монгол Улсын Засгийн газарт зарна гэдгийг Ерөнхий сайд онцоллоо.
Монгол улсын түүхэнд бичигдэх том үсрэлт хийж чадсан 26 жилийн түүхтэй ХХБ-ны хувьд дотоодын зах зээлдээ тэргүүлэгч төдийгүй олон улсын санхүүгийн зах зээлд байр сууриа бэхжүүлж байгааг нь МУ-ын Засгийн газрын баталгаатай дунд хугацаат 500 сая ам.долларын бондыг дэлхийн санхүүгийн зах зээлд 2015 онд амжилттай арилжаалснаас харж болно. Блүүмбэрг телевизийг монголд оруулж ирэн хэвлэл мэдээллийн зах зээлд орсноос гадна  “Ти Ди Би Капитал” нь компани үнэт цаасны зах зээлд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл авсан байдаг
Тус банкны нийт хувьцааны 65.8 хувийг Globull Investment& development SCA, 7.32 хувийг US Global Investment ХХК, 19.95 хувийг United banking corporation, 4.78 хувийг Goldman Sachs, 2.12 хувийг банкны ажилтнууд болон хувь хүмүүс эзэмшдэг.
Худалдаа хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Д.Эрдэнэбилэг бөгөөд ТУЗ нь Рандольф Коппа, З.Шагдарсүрэн, Т.Цолмон, Ч.Энхболд нарын гишүүдээс бүрддэг байна.

Эх сурвалж: www.zusgal.mn