АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг угтсан арга хэмжээний нэг “Редакторуудын дугуй ширээний уулзалт” энэ сарын 7-9-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо “Туушин” зочид буудалд болох гэж байна. Энэ удаагийн редакторуудын уулзалт “Ази, Европын цахим харилцаа” сэдвээр өрнөх аж. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн ерөнхийлөгч Б.Галаарид “Редакторуудын уулзалт бол зохион байгуулж буй орныг аль өнцгөөс нь дэлхий нийтэд мэдээлэх вэ гэдгийг гаргах томоохон ач холбогдолтой хурал” хэмээн онцоллоо. Хэвлэл мэдээллийн редакторууд дугуй ширээнд сууж цахим харилцаанаас гадна хэлэлцүүлгийн цар хүрээ улс төр, эдийн засаг гээд бүхий л салбарыг хамрах юм байна. Тогтож хэлэлцэх сэдвийн саналыг жилийн өмнөөс авч, улмаар дүгнэлт хурлаа БНХАУ-д хийж, тодорхой болгожээ.
Энэ удаагийн уулзалтад Ази, Европын нийтдээ 20 гаруй орны 30 орчим хэвлэл мэдээллийн дарга, редакторууд оролцохоор нэрээ өгчээ. Хэвлэл, мэдээллийн хэрэгслийн редактороос дээш албан тушаалтай хүмүүс улс бүрээ төлөөлж, дугуй ширээний ард сууж, хэлэлцэх юм байна. Харин Монгол Улсыг төлөөлж МҮОНТ-ийн ерөнхий захирал Ц.Оюундарь дугуй ширээний ард суух талаар өнөөдөр мэдээллээ. Улс бүрээс нэг төлөөлөгч ордог хэдий ч Монголын хувьд зохион байгуулагч гэдэг утгаараа МСНЭ-ийн тэргүүн Б.Галаарид, “Mongolian Observer” сэтгүүлийн эрхлэгч Ч.Бүрэнбаяр нарыг нэмэх хүсэлт гаргажээ.