УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Монгол Улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдоод байна. Тэрбээр Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараа “Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд бодит байдлаа тодорхойлж, зөв гарцаа олох нь чухал. Би янз бүрийн уриа лоозон хэлэхгүй” хэмээн мэдэгдсэн. Үнэндээ Монгол Улсын эдийн засаг маш хүнд байдалд байгаа нь нууц биш. Тодруулбал, өнөөдрийн байдлаар улсын төсвийн алдагдал нь 887 тэрбум хүрч, гадаах өрийн хэмжээ нь 21 тэрбум доллартай тэнцэж байгаа юм. Мэдээж шинэ Ерөнхий сайд эдийн засагч хүний хувьд үүнийг мэдэж байгаа биз.
Тиймдээ ч ард түмэн түүнээс эх орныхоо эдийн засгийг сэргээж, ажил орлоготой болох их хүлээлт тавиад байна. Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд “Улс орон өрийн дарамтад өртөөд байна, бизнесийн орчин бүхэлдээ зогсоод байна, Монгол Улсад бүртгэлтэй 126 мянган аж ахуй нэгжээс 2015 оны эцсийн байдлаар 62 мянган аж ахуйн нэгж хаалгаа хааж, иргэдийн орлого буурлаа. 2012 онд ажил хайдаг хоёр хүний нэг нь ажилд орж байсан бол одоо долоон хүн тутмын нэг нь ажилд орж байна. Эрүүл мэндийн салбарын бодлого алдагдаж удирдлагын тогтворгүй байдал удаан үргэлжилсний улмаас эмнэлгүүдийн ачаалал нэмэгдэж байна. Төрөөс малчдын талаар баримтлах бодлого дутагдаж, малын гаралтай бүх түүхий эдийн үнэ буурч, малчдын орлого буураад байна.
“Атрын гуравдугаар аян”-г зогсоосны улмаас улаан буудай экспортолж байсан манай улс импортлогч болсны горыг тариаланчид, хүн үйлдвэрлэгчид амсаж байна. Монгол төрийн алтан аргамжаа болсон гадаад харилцаанд урьд өмнө байгаагүй бодлогын алдаа гарсан. Гадаадын хөрөнгө оруулагчдын итгэл алдарч, хамтын ажиллагаанд ам цав гарлаа. Ерөнхий сайд болсон энэ мөчөөс эхлээд нийгэм эдийн засгийн салбар бүрийн мэдлэгтэй, тулгатай төрийн зүтгэлтэн, мэргэжлийн Засгийн газар байгуулна. Тогтвортой чадварлагаар ажиллуулна. Манай Засгийн газар аливаа популист арга залиас ангид байж, амалдаг бус ажилдаг, хэлдэг бус хийдэг Засгийн газар байна” хэмээн чуулганы индэр дээрээс мэдэгдсэн.
Тэгвэл түүнээс хамгийн түрүүнд хүлээх хүлээлт бол намынхаа мөрийн хөтөлбөрт орсон мэргэжлийн Засгийн газрыг даруй байгуулж дээрх асуудлуудыг шийдэх хэрэгтэй байна. Наадмын дараа Засгийн газар бүрдэх учиртай. Тиймээс Ерөнхий сайд энэ асуудалд нэн түрүүнд анхаарлаа хандуулах биз ээ. Эдийн засгийн хямралд өртөж, орлогогүй болсон иргэд өөрт нь ямар хүлээлт дагуулсныг эрхэм Ерөнхий сайд эрх биш ойлгож буй биз ээ.
Г.НАРАН