Яруу найрагч Х.Тэргэл цахим хуудаснаа үзэл бодлоо илэрхийлдэг нэгэн. Тэрбээр саяхан өөрийн цахим хуудаснаа “МОНГОЛЧУУДЫН ТАЛЦАЛ БА ЖАЛГА ДОВНЫ ҮЗЭЛ. Бид ч жалга довны үзлээрээ гайхалтай гаргууд улс. Сайн сайхан юу л гарна, бүгдийг нь сайхан нутгархаад өмчилчихнө. Цаашлаад хэн нэгэн сайн явбал найз байсан, танил гээд л хамаг бүгдийг нь би мэдэхээс өөр хэн мэдэх вэ гээд л авч өгцгөөнө. Аа, харин тааруухан явах аваас таньдаг байсан ч танихгүй мэт царайлна даа. Монголчуудын салшгүй нэг хэсэг биднийг Монгол гэж бүрдүүлдэг, маний нэг тасархай Баян-Өлгий аймагт үер усны аюул болж байна гэнэ, Засгийн газар нь таг чиг. Өнөө их нутгархагчид бас л таг чиг. Нүдэн балай чихэн дүлий.
Төр засгийнхаа өмнөөс ичих юм даа энэ тохиолдолд бол арай л юм аа. Хаа байсан Казахстаны ерөнхий сайд Баян-Өлгийд ирж тусламжийн гараа сунгаж байхад, хөнжил дотроо өсгөсөн нэг хүүхэд болох тэднээ бид шоовдорлосоор л. Эрийн гурван наадам гэж гайхуулан хоосон сүржигнэх ч яг үнэндээ сурын харваа, түүнд түрүүлсэн хүн бас л айлын шоовдор хүүхэд шиг гадуурхагдаж шагнал бай гээд байх олигтой ч юмгүй, сүйдтэй хоосон нэр ч үгүй л хоцорсоор удаж байгаа.
Улс дотроо улсархаж, үндсэрхэж, нутгархагчид даанч нэг дэндүү дээ, дэндүү их. Одоо бүр цаашлаад бүгдээрээ манай Булган улс, Сүхбаатар улс, Увс улс гэцгээвэл ер нь яасан юм бэ нэртэйгээр нь. Уг нь найзууд аа, бид ганцхан монгол гэх хүн, Монгол гэх улс билээ. Гуравхан саяулаа атал жалга довны үзэл,нэг нэгнээ шоовдорлох, гадуурхах өчүүхэн зан маань тогооноосоо дэндүү хальж байна бус уу. Хүн биш ээ цэрэг, хүн бишээ хүүхэд гэдэг бараг хэлц үг болтлоо хэлэгдэж буй арчаагүй араншингаа дарцгаахсан. Одоо бид 21 дүгээр зуунд амьдарч байх шиг санагдах юм.
Хилийн дээс алхлаа гэхэд л чи дүрвэд, казах, тэр ч бүү хэл оноосон нэр Бат, Балдан гэх мэтийг чинь, үнэндээ төдийлөн авч хэлэлцэхгүй шүү дээ. Монгол хүн гэж л яригдаж, бичигдэж, хэлэгдэж явна даа ахан дүүс ээ. Хуучин Монгол хүү гоё хувцас өмсөөд, гого машин унаад үгүй мөн их уджээ. Харин үнэтэй машин, үнэтэй чамин бүхнийг хэрэглэж танигдахын аргагүй болсон тэртээ цагийн хуучин Монгол хүүгийн тархин дахь жалгархаж ,доворхож байдаг өчүүхэн хуучин бодлууд чухам хэзээ өөрчлөгдөн үгүй болох вэ????...
Бидний сайн сайхан, муу муухай бүхэн монгол хүн, монголчууд гэсэн биднээс шалтгаалан том эсвэл,жижигхэн хэмжээтэй байх ганцхан хэмжээтэй малгайг бид бүгдээрээ хувааж өмсөнө шүү дээ. Хуучин хүү нар минь ээ. Хулганайн Тэргэл Чикаго хот” хэмээн бичжээ.