07.20

Жолооны үнэмлэх хэвлэж эхэллээ


Энэ долоо хоногоос жолооны үнэмлэхийг албан ёсоор хэвлэж эхэлсэн байна. Одоогийн байдлаар Замын цагдаагийн газар 40 мянга гаруй жолооны үнэмлэх хэвлэх захиалгатай байгаа. Үүнд шинээр авах болон хаяж, үрэгдүүлсэний улмаас солиулж авах хүсэлт багтаж байгаа юм. Энэ 40 мянган үнэмлэхийг ирэх наймдугаар 20-ны дотор хэвлэж дуусах төлөвлөгөөтэй байгаа хэмээн Замын цагдаагийн газрын албаны хүн мэдээллээ.
Жолооны үнэмлэхийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 10-наас хэвлээгүй юм. Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн газрын Лицензийн төвөөс гурван сарын хугацаатай жолооны түр үнэмлэхийг хэвлэн жолооч нарт тараасан гэдгийг албаныхан хэллээ. Энэхүү түр олгосон жолооны үнэмлэхний эцсийн хугацаа ирэх наймдугаар сарын 5-нд дуусч байгаа бөгөөд жолооны үнэмлэх хэвлэх ажил жигдэртэл түр үнэмлэхийг олгосоор байх гэнэ. Жолооны үнэмлэхийг “Смарт солушин” компани хэвлэж байна.