04.14

“Фракцгүй” АН Тавантолгойн асуудлаар “эвдрэлцэхгүй”

Өнгөрсөн долоо хоногт Ардчилсан намын 25 жилийн ойн баяр  болж өнгөрсөн. Энэ үеэр  Ардчилсан намын дарга З.Энхболд “фракцгүй” нам болж байгаагаа зарласан юм. Тодруулбал, тэрбээр намынхаа ойн хурлын үеэр “Өнөөдрөөс эхлэн “фракцгүй” Ардчилсан нам болж байгааг энэхүү индэр дээрээс мэдэгдье. Өнөөдрөөс эхлэн фракцгүй Ардчилсан намыг манай нам доторх фракцын удирдлагууд хүлээн зөвшөөрч, зөвхөн Монгол Улсынхаа төлөө зүтгэх Ардчилсан нам гэдэг ганц “фракц”-д нэгдэхийг та бүхэнд уриалж байна. Эх орноо гэсэн сэтгэлтэй, мэдлэг боловсролтой, туршлагатай, чавдартай хэнийг ч болов намын, хэсэг бүлгийн, фракцын эрх ашгаас дээгүүр үнэлэхийг манай намын төдийгүй Монгол төрийн эрх ашиг шаардаж байна. Монгол төрийн алба нь нам, улс төрөөр талцсан хийрхэлээс гарах эхлэлийг Ардчилсан нам эхлүүлж байна.
Монгол орны улс төрийн намуудын шинэчлэл, өөрчлөлт, хөгжлийн чиг хандлагыг Ардчилсан нам манлайлж ирсэн, цаашид ч  манлайлах болно.  Улс төрийн намууд төлөвшихийн хэрээр улс орон тогтвортой хөгждөгийг дэлхийн хөгжилтэй улс орнуудын түүх нотолж байна. Ардчилсан нам төлөвших нь Монгол Улсын түүхэн захиалга. Төлөвшсөн Ардчилсан нам л Монгол Улсаа хөгжүүлж чадна. “Фракцгүй” Ардчилсан нам болж байгаа нь Монгол Улсын улс төрийн намуудын төлөвшилд оруулж байгаа Ардчилсан намын манлайлал юм” хэмээн мэдэгдсэн.
З.Энхболд даргын тухайд УИХ-ын хурлын хаврын чуулганы нээлтэд үг хэлэхдээ, Тавантолгойн хэлэлцээр хийсэн сайд нарт хатуу хариуцлага тооцно хэмээн мэдэгдсэнээр багагүй хэл аманд өртсөн. Тиймдээ ч  АН “фракцгүй” болсон нэрээр Тавантолгойг гацаах нь гэсэн хардлагад ч өртөөд амжсан. Гэвч фракцгүй АН Тавантолгойн асуудлаар эвдрэлцэхгүй гэх мэдээллийг УИХ дахь тус намын бүлгээс өгсөн юм. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Ш.Түвдэндорж бүлгийн  хурлын дараах мэдээллийнхээ үеэр Тавантолгойн асуудлаарх бүлгийнхээ  байр суурийг мэдэгдсэн. Тодруулбал, тэрбээр “Намын бүлгийн удирдлагууд УИХ-ын удирдлагатай ярилцаад одоо хийгдэх гэж байгаа гэрээг нэг их эвдэхгүйгээр хэлэлцүүлэх асуудлыг ярилцаж байгаа. Энэ долоо хоногт багтан уг асуудлаар байр сууриа нэгтгэнэ” хэмээсэн.
    Тэгэхээр ямартай ч АН Тавантолгойн асуудалд нэгдсэн байр сууринаас хандах бололтой. Гэсэн хэдий ч УИХ-ын даргын зөвлөх А.Гансүх Тавантолгойн гэрээг хариуцаж буй Монгол Улсын сайд М.Энхсайханыг халз мэтгэлцээнд дуудаж байгаагаа мэдэгдэж, Тавантолгойн асуудлаар өөр байр суурьтай байгаагаа илэрхийлсээр байгаа юм. Түүний байр суурь УИХ-ын даргыг төлөөлж байна уу, хувь хүнийх нь байр суурь уу гэдэгт олон нийт эргэлзэж байгаа. Хэрэв УИХ-ын дарга ч А.Гансүхтэй ижил байр суурьтай бол АН хэчнээн фракцгүй болоод ч Тавантолгойн асуудалд эвдрэлцэхгүй байна гэж үгүй. Тэгэхээр үйл явц хэрхэн өрнөхийг харах л үлдлээ.

С.НАРАН