УИХ шөнөжин хуралдаж сайд нарыг баталлаа. Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн дүгнэлтийг үндэслэн Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат нэр бүхий 11 гишүүнийг сайдаар томилуулах хуулийн төсөл УИХ-д өргөн мэдүүлснийг ийн баталлаа. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэлж, Засгийн газрын бүрэлдэхүүнийг хэлэлцэж эхэллээ.
Чуулганы хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат сайд нарын талаар танилцуулга хийсэн юм. Тэрбээр;
Монгол Улсын Шадар сайдад У.Хүрэлсүх
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргад Ж.Мөнхбат
Батлан хамгаалахын сайдад Б.Бат-Эрдэнэ
Гадаад харилцааны сайдад Ц.Мөнх-Оргил
Зам тээврийн сайдад Д.Ганбат
Сангийн сайдад Б.Чойжилсүрэн
Хууль зүй дотоод хэргийн сайдад С.Бямбацогт
Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдад Н.Номтойбаяр
Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад Д.Оюунхорол
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад Ж.Батсуурь
Уул уурхай хүнд үйлдвэрийн сайдад Ц.Дашдорж нарыг нэр дэвшүүлснийг хэлэлцэн дэмжиж баталж өгөхийг хүссэн.
Улмаар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилох тухай саналыг хэлэлцэн гишүүдийн 98.5 хувийн саналаар дэмжин баталлаа. Түүний дараа Засг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатыг томиллоо. Түүнийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.4 хувь нь дэмжсэн юм.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Болорчулуун “Би сайд нарын нэрийг сонсоод шоконд орсон, ийм Засгийн газар байгуулагдана гэж бодоогүй. Үнэхээр ийм мэргэжлийн бус Засгийн газар байна гэдэг цаашдаа маш их хор хохиролтой. МАН-ыг дотоод ардчилалгүй байгаад харамсаж байна. Гишүүд өчигдөрхөн л сайд нарын нэрийг мэдсэн, хоёр дарга л мэдсэн шүү. Ерөнхий сайдын бүрэн эрхийн асуудал гэж байгаа ч гишүүдээрээ хэлэлцүүлэх ёстой байсан” хэмээн байр сууриа илэрхийлж байв.
Мөн Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг томилохыг хэлэлцэх үед УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж “Өмнөх Засгийн газрын үед “Эрдэнэт”-тэй холбоотой учир битүүлэг шийдвэр гарсан. Гол сайд нар томилогдож байна. Одоо энэ асуудлыг яаралтай Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж, ард түмэнд үнэн мөнийг мэдээлж хууль номынх нь дагуу шийдвэрлэх ёстой. Юу яасан 28 хувийн асуудал яригдаад явчих вэ, 51 хувийг Монголын Засгийн газар эзэмшинэ гээд заачихсан байдаг. Тэрхүү 51 хувийг дотор нь хуваах асуудал байхгүй. Зувчуулах асуудал хийгдсэн бол хүчингүй шүү. Ийм луйвартай Засгийн газар ямар ч тохиолдолд эвлэрэхгүй шүү. Өмнө гаргасан булхайтай шийдвэрийг хүчингүй болгоно шүү” хэмээн захисан.
Үүний Батлан хамгаалахын сайдаар УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнийг хуралдаанд оролцсон гишүүдийн 90.6 хувийн саналаар дэмжигдэн батлагдав. Үүний дараа Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар Ц.Дашдоржийг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 96.5 хувийн дэмжлэг хүлээсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 93.7 хувийн дэмжлэг хүлээж, Гадаад харилцааны сайдаар томилогдсон. Түүнд УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “Хоёр хөршийн бодлого дээр тусгайлан анхаарах ёстой байна. Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад ажиглагчаар ороод 10 гаруй жил болж байна. Уг байгууллагад гишүүнээр элсвэл хөрөнгө оруулалт татах боломжтой. Төвийг сахих бодлого дээр ямар байр суурьтай байна вэ. Дипломат харилцааг иж бүрнээр нь харахгүй бол болохгүй байна. “Талын зам” төслийг хэрэгжүүлэх юм бол таван шугамын асуудал яригддаг. Хэрэгжүүлэхэд онцгойлон анхаарах ёстой” гэв.
Харин Ц.Мөнх-Оргил “Гадаад харилцааг эдийн засагжуулахад онцгой ач холбогдол өгөөрэй гэсэн саналыг анхаарч ажиллана. Улс орнуудтай чөлөөт худалдааны гэрээ байгуулах, бизнес эрхлэгчдээ холбоход анхаарч ажиллана. Транзит тээвэр чухал байгаа, энэ ажлыг Гадаад харилцааны яамны анхаарлын төвд байлгана. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад Монгол Улс гишүүнээр элсэх тухайд Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөр энэ асуудлыг хэлэлцэж УИХ-д танилцуулах болно” гэв.
Түүнчлэн Сангийн сайдаар УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнг томиллоо. Тэрбээр чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 95.1 хувиар дэмжлэг хүлээсэн. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.9 хувийн дэмжлэг хүлээснээр Хууль зүй, дотоод хэргийн сайдаар УИХ-ын гишүүн С.Бямбацогтыг баталлаа.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдаар Ж.Батсуурийг томиллоо. Чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.6 хувийн дэмжлэг хүлээн батлагдав.
Мөн Зам тээвэр, хөгжлийн сайдаар Д.Ганбатыг томиллоо. Чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 94.7 хувийн дэмжлэгийг хүлээж батлагдав. Нэр дэвшигчээс УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Гашуун сухайт дээр төмөр зам баригдах юм уу, шороо овоолсон юм уу. Петро чайна дачин тамсаг замаа барихгүй байна, барих боломж байна уу. Хийх ажлынхаа талаар юу бодож байна вэ” гэсэн асуултад хариулт хүслээ. Д.Ганбат “Тавантолгой Гашуун сухайтын төмөр замын доод хэсгийг 250 сая ам.долларын санхүүжилтээр барьсан, 86 хувийн гүйцэтгэлтэй байна. Төмөр замын ажлыг “Монголын төмөр зам” компани “Энержи ресурс” компаниас хүлээж аваад үргэлжлүүлсэн. 2014 онд санхүүжилтгүйгээс ажил зогссон. Ажил зогссоноос төмөр замын доод далан салхи, бороо үер уснаас болж эвдэрч гэмтэж байгаа учраас яаралтай дуусгах шаардлага бий. Арилжааны зээлээр төмөр зам барих нь буруу байсан. Бага хүүтэй зээлээр төмөр зам барих ёстой байсан. Ингэхгүй бол зээлэндээ дампуурах эрсдэлтэй.
Петро чайнагийн зам олон жил яригдаж байгаа. 100 гаруй км зам баригдаад хүлээлгэж өгөх гэж байгаа. Багануур Улаанбаатарын нийтийн тээврийг цахилгаанжуулах асуудлыг судалж байна. галт тэргийг цахилгаанжуулах шаардлага бий” гэв.
Хамгийн сүүлд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг томиллоо. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 94.8 хувийн дэмжлэг хүлээж батлагдлаа. Ийнхүү Ж.Эрдэнэбатын танхим бүрдэж эхэллээ.
Г.НАРАН