Дөрвөн настай охиныхоо үхэлд буруутгагдсан төрсөн эцэг Т.Цогт болон хойд эх Г.Маралмаа нарыг шүүх хурал эцэслэн шийдэгдээгүй удаж байна.
Уг нь тэдэнд холбогдох хэргийг хоёр шатны шүүхээр хэлэлцэж, тус бүрд нь 23 жилийн хорих ялыг оноосон ч Дээд шүүхээс хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм. Ингэснээр хавтаст хэрэг мөрдөн байцаалтад дахин шалгагдаж дуусаад, прокурорын байгууллагад хянагдаад анхан шатны шүүхэд шилжсэн байгаа юм. Харин шүүхэд ирснээс хойш мөн л дөрвөн удаа шүүх хурал тодорхой шалтгааны улмаас хойшлоод байгаа юм.
Тухайлбал, шүүгдэгч нар өмгөөлөгчөө сольсон, улсын яллагч ажлаар гадаад явсан зэрэг шалтгаануудаар хойшилсон байгаа юм. Уг нь наадмын өмнө тэднийг шүүх байсан ч Г.Маралмаа нь өмгөөлөгчөөсөө татгалзаж шинэ өмгөөлөгч авснаар өнөөдрийг хүртэл хурал хойшилсон байгаа юм. Тэгвэл өнөөдөр тэднийг Баянзүрх дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд шүүх хурлын тов гарчээ.