“Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” уулзалт болж байна. Нийслэлийн Засаг даргын “Хүн, мал амьтны гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” 2016 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/594 дугаар Захирамжийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд дүүргүүдийн Засаг даргын захирамж гаргуулан нийслэлд тарваган тахал болон мал, амьтны гоц халдварт шүлхий, хонины цэцэг өвчин зөөвөрлөгдөн орж ирэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газар, нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газар, нийслэлийн Эрүүл мэндийн газар, Зооноз өвчин судлалын үндэсний төв, нийслэлийн Мал эмнэлэгийн газар, Улаанбаатар хотын Цагдаагийн газартай хамтран 24 цагаар Сонгинохайрхан дүүргийн Эмээлт, түүхий эдийн зах, Баруун туруун, Хан-Уул дүүргийн Яармаг, Нисэх-биокомбинат, Баянзүрх дүүргийн Баянзүрхийн товчоо, Налайх дүүргийн 5 дугаар хороо Тэрэлж зүүн аймаг явах чиглэл, 4 дүгээр зөрлөгийн пост, Багануур дүүргийн Хэрлэнгийн гүүрний авто техникийн шалган бүртгэх товчоодод ариутгал халдваргүйжүүлэлт, “Хяналт шалгалт явуулах ажлын хэсэг”-үүдийг байгуулан ажиллаж байна.
Мөн Хяналтын хөдөлгөөнт эргүүлийг Чингис хаан нисэх онгоцны төв буудал, Иргэний нисэхийн ерөнхий газрын Хилийн эрүүл ахуй халдвар судлалын алба, Төмөр замын төв буудалд Төмөр замын Мэргэжлийн хяналтын алба, Баянгол дүүрэг “ТОСО” худалдааны төв, Сүхбаатар /7 буудал/, Баянзүрх /Гачуурт/, Чингэлтэй /Гүнт/ дүүргийн нутаг дэвсгэр дэх цагдаагийн суурин пост, бусад дүүрэгт цагдаагийн хөдөлгөөнт эргүүлийг хот, дүүрэг рүү ордог баталгаат бус замуудад тус тусын цагдаа, хэв журам сахиулах албадтай хамтран зохион байгуулна.
Монгол Улсын 17 аймгийн 157 сумын нутаг дэвсгэрт тарваган тахал өвчний байгалийн голомттой бөгөөд жил бүрийн найм, есдүгээр сар нь тарваган тахлын халдварын идэвхжил өндөр байдаг.
2015 онд дүүргүүдийн авто тээврийн шалган бүртгэх 7-н товчоодоор хөдөө орон нутгаас зорчин ирж байгаа нийт 60507 тээврийн хэрэгсэлд үзлэг шалгалт хийж тарваганы түүхий мах тулам 501 ширхэгийг илрүүлж Зоонозын өвчин судлалын үндэсний төвд лабораторийн шинжилгээнд шинжлүүлэхэд халдварт өвчний шинж тэмдэг илрээгүй сөрөг хариу гарсан бөгөөд зөрчил гаргасан 45 иргэнийг 4,992,000 төгрөгөөр торгож захиргааны арга хэмжээ оногдуулж, Хүн, мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх зөвлөгөө, сурталчилгааны материалыг 50379 хүнд өгч ажилласан байна.
Дадлага сургууль:
Нийслэлийн Засаг даргын “Хүн, малын гоц халдварт өвчин, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх тухай” А/645 дугаар захирамжийг хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд 2015 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Хан-Уул дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт, 09 дүгээр сарын 30-ны өдөр Багануур дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт тус тус “Тарваган тахал өвчний сэжиг илэрсэн үед Гамшгаас хамгаалах албадын харилцан ажиллагаа” сэдэвт дадлага сургуулийг зохион байгуулан ажилласан байна.