Хүн өвдөж зовсон үедээ эмнэлэг бараадаж аврал эрдэг. Энэ үед халуун гараа тосон өвчтний зовиур шаналалыг арилгах, арга ядахад оношлоод өгөх гэж эмч гэдэг мэргэжил байдаг. Харин сүүлийн үед Монголын эмч нарын залуу халаа нэг л дутуу бойжоод байна. Өөрийн биед тохиолдсон ганцхан жишээг дурдахад дүүргийн эмнэлгийн эмчийн хайнга байдлаас болоод амь насаа эрсдэлд оруулчих шахлаа.
Хоолой өвдөөд хэд хоносон ч зүгээр болохгүй улам хүчтэй өвдөж шөнө нойргүй хоносон тул эмнэлэг бараадахаас өөр аргагүй болсон юм. Харин дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төв ороход эрүүлжүүлэх байр, эмнэлэг нь мэдэгдэхгүй дүр зураг угтлаа. Хоёр согтуу гэртээ байгаа юм шиг унтана. Үс гэзэг нь сэгсийсэн, нойрмоглосон, солонгос кино үзэж суух хүлээн авах тасгийн хоёр эмч. Тэр өдрийн жижүүр эмч бололтой удаж удаж бас нэг нойрмог царайтай эмч гарч ирэн намайг үзлээ. Үзэх ч гэждээ ам ангайлгаж жаал харж байгаад өвчний талаар ганц үг ч цухуйлгахгүйгаар шинжилгээ өг, хоёр хоногийн дараа хариугаа авч ямар эм хэрэглэхээ шийдээрэй гэлээ. Энэ эмчийн хэлснээр бол би дахин хоёр хоног эм тариа хэрэглэхгүй өвчнөө хүндрүүлж хүлээх ёстой юм байна. Үнэхээр тэсэхийн аргагүй өвдөж байсан тул маргааш өглөө нь хувийн эмнэлгт очтол харин байдал эсрэгээрээ. Хүмүүс нь найрсагаар хүлээн авна. Би ч өөрийн ээлж болмогц эмчид орж үзүүлэхэд ам ангайлгаж хараад л яаралтай хагалах шаардлагатай болсон байна. Тэгэхгүй бол бугласан идээ цээжрүү чинь орж амь насанд аюултай хэмээн их л сандрангуй хэлж миний эмчилгээг эхлүүлсэн юм.
Би дүүргийн эмнэлгийн эмчийн хэлснээр өвчнөө тэсээд хоёр хоног хүлээсэн бол миний цээжрүү идээ гүйж амь насандаа аюул авчрах байсан аж. Эмч нэртэй иймэрхүү этгээдүүд өрхий, түргэний, дүүргийн гээд шат шатандаа дэндүү олон байгаа нь харамсалтай. Үнэхээр мэдлэг, сэтгэл дутуу дулимаг байна. Дээрээс нь дүүргийн эмнэлэгт харъяаллын дагуу үзүүлэхэд 5000 төгрөгний төлбөр төлнө. Эм тариа хэрэглэсэн бол тэрийгээ нэмж төлнө. Ийм байхад улсын тодотголтой эмнэлэг хэрэг байна уу?
Энэ бол зүгээр л хоолой өвдөхөд тохиолдсон энгийн жишээ. Энэ байтугай шат шатандаа хүнд суртал гаргадаг, өвчнийг нь буруу оношилж хүндрүүлдэг, хатгаа өвчнийг чагнаж мэдэхгүй үгдрүүлэх эмч нар олон байна. Ялангуяа өрхийн эмнэлэгт нэг бичсэн эмээ удаа дараа бичиж өгдөг, наад захын өвчнийг ч оношилж мэддэггүй хөгшин чавганцаас доор мэдлэгтэй эмч нар ажиллах нь олонтаа. Тийм ч учраас иргэд цаг үрсэн өрхийн эмч нараас зугтан дараагийн шатны эмнэлэгт очсоноор ачаалал нь улам нэмэгдсээр байна. Угтаа бол анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг эдгээр эмнэлэгүүдэд хамгийн ур чадвартай эмч нар нь байж яаралтай тусламж үйлчилгээг түргэн шуурхай үзүүлж, дараа дараагийн шатанд буюу нарийн мэргэжлийн эмч нарт шилжүүлэх ёстой. Гэтэл бодит байдал дээр үнэндээ ханиад, хатгааг ялгаж чадахгүй эмч нар өрхийн эмнэлэгт ажиллаж байна. Эмнэлэг бол хүний амь настай холбоотой ажил. “Гайгүй байна” гээд хэдэн эм бичиж явуулсаар байгаад өвчин нь хүндэрсэн тохиолдол бараг л өрх бүрт бий гэхэд хилсдэхгүй. Хүний амь нас, эрүүл мэндээр тоглож суух эрх ч байхгүй байлтай.
Өрхийн эмнэлэг, түргэн тусламж, Дүүргийн эрүүл мэндийн нэгдсэн төв гээд шат шатандаа хүнд сурталтай хэдий ч хүнд суртал гаргасан шигээ үйлчлүүлэгч нарт төдийлөн сэтгэл ханамжийг өгч чаддахаа болиод удаж байна. Эрүүл мэндийн салбарт шинэчлэл хийх нэрийдлээр дүүргийн эмнэлэгт үзүүлэхийн тулд өрхийн эмнэлгээс цаг авдаг байх зэрэг хүнд суртал газар авчихлаа. Цэгцтэй, журамтай байлгах гэсэн ч байгаа оносонгүй, харин ч ачаа тээг болчихлоо. Ихэнхи дүүрэг, амбулаторийн эмч нар өглөөний 09.00-14.00 цагийн хооронд цаг өгөөд түүнээс хойш ганц, хоёр хүн үзсэн болоод л тэдний хувьд ажлын цаг нь дуусчихдаг. Өдрийн 16.00 цагт ажлын байрандаа байдаг өрх, амбулаторийн эмч гэж бараг нүдний цөцгий шиг болчихжээ. Тэднийх ийнхүү ажлын цагаасаа эрт тарж байхад цаана нь өчнөөн олон иргэн өвдөөд маргаашийн цагаа хүлээж зогсдог нь гачлантай.
Мөнгөтэй нэг нь хувийн эмнэлэг бараадаж үзүүлнэ. Харин боломж тааруухан хэд нь Улсын эмнэлгийн хүнд сурталыг тэвчихээс өөр аргагүйд хүрнэ. Уг нь эмч, эмнэлэгийн боловсон хүчнүүд хангалттай ихээр бэлтгэгдэж байгаа боловч чанарын хувьд ярих юм алга. Эмч эмнэлгийн хүнд сурталаас болж иргэд дор дороо бухимдаад, эрүүл мэнд, цаг хугацаагаар хохироод үлддэг. Одоо энэ байдлыг зогсоох цаг нь болжээ. Эрүүл мэндийн салбарын энэ уруудлыг зогсооё, сайд дарга нар аа