08.02

Эхчүүд болон малчдад дуулгах таатай мэдээ

Эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах зорилгоор хүүхдээ3 нас хүртэл асарсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тасалдуулахгүй төлөх, шимтгэл төлсөн нийт хугацаан дээр төрүүлж өсгөсөн хүүхэд бүрийн тоогоор 1.5 жил нэмж тооцох, эхчүүдэд даатгуулсан хэлбэрээс үл хамааран адил хувь хэмжээгээр жирэмсний тэтгэмж олгох, малчдын тэтгэвэр тогтоолгох насыг 5 насаар урагшлуулах хууль эрх зүйн орчин бүрдэх гэж байна.
С.Чинзориг, Ц.Цогзолмаа, Д.Тогтохсүрэн, Л.Энх-Амгалан, Д.Оюунхорол, Б.Сарангэрэл нарын УИХ-ын 10 гишүүн Монгол улсын Засгийн газарт Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд санал авах саналаа хүргүүлжээ.
Эхчүүд тэтгэмжтэй байх хугацаанд НДШ төлж байгаа нь хүүхдээ 3 нас хуртэл  асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдэж тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдох, ажилласан жил нь тасрах, хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөр нь үнэлэгдэхгүй үлдэх сөрөг талтай байсаар байгаа юм.Дээрх хуулийн төсөл батлагдвал хүүхдээ асарсан хугацааны НДШ тасалдахгүй байх, олон хүүхэд төрүүлж өсгөсөн ээжийн ажилласан жил, НДШ төлсөн жил нэмэгдэж ээжүүд өндөр тэтгэвэр авах боломж бүрдэнэ. Мөн манай улсын ДНБ-ний 10 гаруй хувийг бүрдүүлдэг, цаг уурын хатуу ширүүн нөхцөлд хөдөлмөр эрхэлдэг малчид хөдөлмөрийн нөхцөлөөс хамаарч хөдөлмөрийн чадвар эрт буурах, хүнд өвчин тусах, харьцангуй эрт нас барах тохиолдол их байна. Тиймээс Нийгмийн даатгалын сангаас олгох, тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд малчдын тэтгэвэрт гарах насыг таван жилээр наашлуулах асуудал тусгагджээ.Ингэснээр малчид хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насныхаа тэтгэвэрийг тогтоолгож, нийгмийн баталгаа нь сайжрах юм.