08.04

”Төсөвт тодотгол хийх Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан” гэв


Мэргэжлийн Засгийн газар лхагва гараг бүрийн 15:00 цагт хуралдахаар товлосон. Тэгвэл Ж.Эрдэнэбатын танхим өчигдөр хоёр дахь удаагаа, бүрэн бүрэлдэхүүнээрээ анхны хуралдаанаа хийж, дэд сайдуудыг томилсон юм. Мөн нууцын асуудалд багтаасан Сангийн сайд Ж.Чойжилсүрэнгийн мэдээллийг сонссон байна. Энэ талаар талаар Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Г.Отгонбаяр мэдээлэл хийсэн бөгөөд сэтгүүлчдийн асуултад хариулсныг тоймлон хүргэе.

-Засгийн газар өчигдөр дэд сайдуудын томилгоог хийсэн. Удирдах зөвлөлөөс тодруулсан 13 дэд сайдын 10-ыг нь томилж, гурвыг нь үлдээсэн.Яагаад гурван сайдаа томилоогүй вэ?

-Засгийн газрыг хуралдаж байх үед буюу, ажлыг цаг дуусахаас өмнө АТГ-аас 10 хүний ашиг сонирхлыг зөрчилтэй эсэх талаар ирүүлсэн лавлагааг хэлэлцээд томилсон. Харин үлдсэн гурван сайдын лавлагааг АТГ-аас ямар учраас ирүүлээгүй вэ гэдгийг Засгийн газар мэдэхгүй байна.

-Төсвийн алдагдал төлөвлөснөөс илүү хэтэрсэн. Тэгэхээр төсөвт хэзээ тодотгол хийх вэ. Сангийн сайд ямар мэдээлэл өгсөн бэ. Хүүхдийн мөнгийг түр зогсоохоор болсон гэсэн үнэн үү?

-Хүүхдийн мөнгө олгох асуудлыг төсөвт тодотгол хийх хүртэл түр зогсоосон. Өөрөөр хэлбэл, энэ хүүхдийн мөнгөний санхүүжилтийн эх үүсвэрийг 2016 оны төсөвт тодотгол хийн тусгахыг Сангийн сайдад Ерөнхий сайд үүрэг болгосон. Мөн эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулан төсөвт тодотгол хийх Сангийн сайдаар ахлуулсан ажлын хэсгийг байгуулсан байгаа.

-Ипотекийн зээл зогсч магадгүй гэсэн мэдээлэл байна. Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар ярилцсан уу?

-Ипотекийн зээлийг иргэдэд илүү хүртээмжтэй болгохыг судалж, Засгийн газрын хуралдаанд оруулж ирэхийг Барилга хот байгуулалтын сайдад даалгасан гэв.